
Түлш, эрчим хүчний цогцолборын чухал түүхий эдийн нэг бол уран. Ураны тархалт тогтоц, нөөцийг судлах, ураны дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ураны үйлдвэрлэлд технологийн трансформацийн дэвшил эсвэл технологийн тасралтгүй шинэчлэгдэх үйл явцыг (инновацчлалыг) алдахгүй дагаж энэ салбарт өрсөлдөх чадварыг буй болгон хадгалахад Монгол Улсын ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратегийн зорилт оршино.
Ураны судалгаанд өгөх тоймчилсон дүгнэлт, технологийн инновацчлалын энэхүү судалгаа нь дээр тодорхойлсон стратегийн зорилтод захирагдах юм. Монгол оронд ураны судалгааны ажил 1970-1990 онд нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг хамарч хийгдсэн (зураг 7.1). Уг ажлын дүнд ураны зургаан орд, 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхит гажлуудыг илрүүлэн тогтоосон байна. Ураны геологийн судалгааг ЗХУ-ын геологийн
байгууллагын хүчээр хийсэн бөгөөд судалгааны явцад хуримтлуулсан асар их
хэмжээний анхдагч болон боловсруулсан геологийн тайлан материалуудын 18 хувийг
1991-1992 онд Монголын талд шилжүүлж өгсөн бөгөөд бусад нь ОХУ-д хадгалагдаж
байгаа болно.
Ийм их хэмжээний геологийн судалгааны тайланг
судалж үзэхгүйгээр ураны үйлдвэрлэлийн стратегийг бүрэн гүйцэд тодорхойлох
боломжгүй юм. Эдгээр тайлангуудыг авах талаар хийсэн тохиролцоо нь Засгийн
газраас Мардайн талаар явуулсан буруу бодлогоос болж хэрэгжээгүй хугацаа алдаж
байгааг энд зориуд тэмдэглэе. Алдааны үнэ цэнэ ийм буюу.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байгаад
ашиглаж чадаагүй нэг жилийг бодолцвол хохирол улам их болно.
Монгол улсын уран нөөцийн 90 гаруй хувь нь
таамаг нөөцийн ангилалд багтаж буй тул олборлох, боловсруулах ураны орд газрыг
сонгох боломж хязгаарлагдмал байна. Тийм учраас ураны металлогений бүсүүдэд
геологийн судалгааг нарийвчлан хийхэд шаардлагатай зарим орд илэрлүүдийн
тархалтын зүй тогтлын тухай мэдээллүүдийг товч бичиж Мардай, Хараатын ордуудын
олборлолт, баяжуулалт, боловсруулалтын технологийн зарим тооцоо үндэслэл,
харьцуулсан судалгаа, технологийн инновацчлалын онол практикийн зарим асуудлыг
ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратегитэй холбон авч үзье.
Монголын нутагт хийсэн ураны геологийн
судалгааны гол үр дүн бол Монгол нутагт тархсан ураны орд илэрлүүдийн
металлогений үндсэн 4 мужийг (Монгол-Приаргуний, Говь-Тамсагийн,
Хэнтий-Дагуурын, Хойт-Монголын) тогтоож тэдгээрт байрших ураны хүдэржилт бүхий
хүдрийн дүүрэг, хүдрийн талбай, хүдрийн зангилааг ялган тодорхойлж ураны нийт таамаг
нөөцийг 1.4 сая тонн гэж тогтоожээ.
Монгол-Приаргуний металлогений муж нь Монгол
Алтайн хормойгоос Приаргунь хүртэл уртаашаа 1200 км, өргөөшөө 70-250 км газар
нутгийг эзэлнэ. Уг мужийн хүрээнд Хойд Чойбалсангийн, Бэрхийн, Дорноговийн
зэрэг ураны хүдрийн дүүргүүдийг ялгажээ.