Мэдээний дэлгэрэнгүй
Уул уурхайн экологийн шинжлэх ухааны ирээдүйн төлөв
 
Биосферийн доторхи хэдэн түмэн экосистем өөрийн зүй тогтлоор олон зуун сая жил оршин тогтнож тэнцвэрт байдлаа хадгалсаар ирсэн нь мэдээж. Хүний нийгмийн иргэншлийн хөгжил эрчимжихийн хирээр экосистемийн тогтворжилт харилцан адилгүй болж ялангуяа аж үйлдвэржих үйл явц эрчимтэй өрнөсөн сүүлийн 200 орчим жилд биосферт үзүүлсэн их дарамт нь аж үйлдвэржсэн нийгмийн хүн байгальтай хэрхэн харьцах амьд бие ба орчны харилцан уялдааны онол дээр суурилсан экологийн сургаалын үндэс 100 гаруй жилийн өмнөөс тавигдсан байна.

Харин “уул уурхайн экологи” гэдэг ойлголтыг анх 1978 онд Зөвлөлтийн эрдэмтэн М.Е.Певзнер томъёолсон байна. Тэрээр уул уурхайн экологийг уул уурхайн үйлдвэрлэлийн хүрээнд хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны зүй тогтлыг судлах шинжлэх ухааны шинэ чиглэл” гэж тодорхойлсон байдаг. Хожим Оросын шинжлэх ухааны Академийн удирдлагын доор уул уурхайн шинжлэх ухааны шинэ ангиллыг боловсруулахдаа уул уурхайн экологийг уул уурхайн шинжлэх ухааны ангилалд оруулж дараах тодорхойлолтыг өгчээ. “Уул уурхайн экологи нь газрын хэвлийг ашиглах үед үүсмэл экосистем ба хүрээлэн байгаа байгаль орчны харилцан үйлчлэлийн зүй тогтлыг судлах шинжлэх ухаан” гэжээ [2].
Уул уурхайн экологийн судлах зүйл нь уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсэх физик, химийн процессыг хүрээлэгч биосфер дэх юмс энергийн эргэлттэй хэрхэн харилцан холбогдох зүй тогтол юм. Үүний зорилго нь экологийн аюулгүй уул уурхайн үйлдвэрлэлийн шинжлэх ухааны үндэс болон түүнийг хэрэгжүүлэх арга зөвлөмжийг боловсруулахад оршдог. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэх шаардлагатай. Үүнд:
1.    Шийдвэрлэх олон талт асуудлын гол агуулгыг тоймлон томъёолох
2.    Асуудлыг судлах шинжлэх ухааны аргачлал, хөтөлбөрийг боловсруулах
3.    Уул уурхайн үйлдвэрлэлд хүн ба хүрээлэн байгаа байгаль орчны харилцан үйлчлэлийн ерөнхий болон нарийвчилсан загварыг боловсруулах
4.    Гүйцэтгэсэн судалгааныхаа дүнг нэгтгэж уул уурхайн үйлдвэрлэлээс хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг зохистой түвшинд байлгах иж бүрэн зөвлөмжийг боловсруулах зэрэг зорилтыг эн тэргүүнд тавьдаг.
Уул уурхайн экологийн үзэл баримтлалын үндэс болсон “Уул уурхай ба хүрээлэн байгаа орчны” асуудлыг тал бүрээс нь авч үзэж шинжлэх ухааны дундын ба эдийн засгийн салбар хоорондын холбоог олж тогтоохын тулд төрөл бүрийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан уул уурхайн экологийн судалгааг гүйцэтгэх учиртай.
Судалж байгаа асуудалд ийм байдлаар хандвал түүнд хамааруулж болох гурван аспект байна. Нэгдүгээрт: Уул уурхайн үйлдвэрлэл нь хүрээлэн байгаа орчинд нөлөөлдөг объект болох талаас нь; хоёрдугаарт: хүрээлэн байгаа орчин нь уул уурхайн үйлдвэрлэлийг оршин тогтнох объект болох талаас нь; гуравдугаарт: энэ хоёр объектын харилцан үйлчлэл талаас нь авч үзэх хэрэгтэй юм.
Уул уурхайн экологийн судалгаа нь дараах гол гогцоо асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэх ёстой болж байна.
1.    Уул уурхайн үйлдвэрлэл нь хүрээлэн байгаа орчинтой харилцан үйлчлэлийн ерөнхий онолыг бүтээх
2.    Уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөнд өртсөн биосферийн хэсэгт уул уурхайн экологийн мониторингийн шинжлэх ухааны үндсийг тодорхойлох
3.    Уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөнд өртсөн биосферийн элементийн өөрчлөлтийн эдийн засгийн үнэлгээний зарчмыг тогтоох
4.     Уул уурхайн үйлдвэрлэлээс хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг оновчлох арга, зарчмыг боловсруулах
Уул уурхайн экологийн онолын болон арга зүйн үндэс нь:
1.    Хүн ба хүрээлэн байгаа орчны харилцааны тухай сургаал
2.    Биосфер ба ноосферийн тухай В.И.Вернадскийн системийн үзэл баримтлал юм.
Хүн ба хүрээлэн байгаа орчны харилцан үйлчлэл нь үйлдвэрлэх хүчний хөгжил, нийгмийн үйлдвэрлэлийн харилцаагаар нөхцөлдөж байх хуультай.
Байгаль нийгмийн харилцааны диалектик нь хүний биосферт эзэлдэг өвөрмөц байр суурь дээр үндэслэгддэг. Нэг талаас биосфер нь хүний үйл ажиллагааны суурь болдог, өөрөөр хэлбэл хүн байгалийн нөөцийг хэрэглэдэг, биосферт гарч буй хувьсал өөрчлөлттэй зохицож амьдрахын хажуугаар түүнд хүчтэй нөлөөлж их хэмжээний дарамт учруулдаг. Нөгөө талаас биосфер нь хүний амьдрах орчин байдгийн хувьд хүний үйл ажиллагаанаас биосферт учруулсан хохирол зөрчил нь эцсийн дүндээ хүний амьдрал, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас уул уурхайн үйлдвэрлэлийн экологийн аюулгүй байдлыг хангаж газрын хэвлийн баялгийг үр ашигтай ашиглахын тулд байгалийн нөөц ашиглах хуулийг сахин дагах зайлшгүй шаардлагатай.
1.    Байгалийн нөөцийн хэмжээний хууль. Дэлхийн байгалийн нөөц шавхагдана. Энэ хууль дэлхийн бөмбөрцөг өөрөө хязгаартай учраас түүнд төгсөшгүй хэсэг байхгүй гэдэгт үндэслэгдэнэ.
2.    Байгалийн нөөцийн уналтын хууль. Нийгэм эдийн засгийн нэг тогтолцооны хүрээнд нэг янзын технологийн нөхцөлд байгалийн нөөцийг ашиглах боломж буурч, өсөж түүнийг олборлох, боловсруулах, тээвэрлэх экологийн болон хөдөлмөрийн зардал уналтад орох тохиолдол элбэг байдаг.
3.    Хүрээлэн байгаа орчиндоо түшиглэсэн байгалийн системийн хөгжлийн хууль. Байгалийн аливаа систем өөрийгөө хүрээлэн байгаа орчны бодис энергийн болон мэдээллийн боломжид түшиглэн хөгждөг. Бүрэн тусгаарлагдмал өөрийн хөгжил гэж байх боломжгүй. Энэхүү хууль нь термодинамикаас эхтэй бөгөөд өөрийн үндсэн үр дүнд тулгуурласан чухал ач холбогдлыг агуулдаг байна. Огт хаягдалгүй үйлдвэрлэл байх боломжгүй. Дэлхийн биосфер нь системийн хувьд зөвхөн өөрийнхөө нөөцөнд тулгуурлан хөгжиж буй биш мөн сансрын системийн хүч, түүний удирдах нөлөөллийн дор хөгжиж байна. (эн тэрүүнд нарны систем)
4.    Бэлэн бүтээгдэхүүний байгалийн багтаамжийн бууралтын хууль. Нийгмийн бүтээгдэхүүний дундчилсан нэгжид ногдох байгалийн нөөцийн агуулга түүхийн туршид тууштай багассаар ирсэн. Энэ нь эд хэрэглэл авсаархан болсон, зарим байгалийн материалыг хиймэл эдлэлээр орлуулдаг болсон, эдийн харилцааг мэдээллээр сольсон зэргээр тайлбарлагддаг.
5.    Байгаль ашиглах эрчим хүчний үр ашиг буурах хууль. Байгалийн системээс ашигтай бүтээгдэхүүн авахад түүний нэгжид зарцуулах энерги өсдөг.
6.    Үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшин байгалийн нөөцийн боломж хоёрын зохицолдооны хууль. Үйлдвэрлэх хүчний хөгжил байгалийн нөөцийн боломж шавхагдах мөч буюу экологийн хямрал хүртэл харьцангуй тогтвортой байна. Энэхүү хямрал нь үйлдвэрлэх хүчний хувьсгал буюу технологийн инновациар шийдвэрлэгдэх болно.
7.    Байгалийн олборлогдсон нөөцийн эргэлт нэмэгдэх хууль. Дэлхийн аж ахуйн хөгжлийн түүхнээ олборлосон байгалийн нөөцийн эргэлт улам хурдсаж (хоёр дахь, гуравдахь түүхий эд) нийгмийн үйлдвэрлэлд түүхий эдийн хэмжээг харьцангуй бууруулах хандлага гарна. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөцийн ашиглалтын амьдралын мөчлөгийг уртасгах замаар эргэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Нэрт экологич, эрдэмтэн Барри Коммонер экологийн гол хуулиудыг товчоор шог хэлбэрээр дараах байдлаар томъёолсон байдаг.
-         Бүх юм өөр хоорондоо холбоотой
-         Юм бүхэн дуртай зүг үрүүгээ арилах учиртай.
-         Байгаль өөрийгөө мэднэ.
-         Үнэгүй юм гэж байхгүй. Шоглол бүхэнд үнэний хувь бий гэвэл эд бүхэн оновчтой зүйрлэл мөн байна.
Уул уурхайн экологийн бусад шинжлэх ухаантай холбогдох нь:
Уул уурхайн үйлдвэрлэлийн процесс, түүний биосферт үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн олон төрлийн хэлбэрийг судлахад уул уурхайн экологи, физик, хими, биологи, математик, механик, геологи, архелоги, түүх, анагаах ухаан, психологи, уул уурхайн шинжлэх ухаануудын арга болон эдийн засаг, нийгмийн судалгаанд хэрэглэдэг аргуудыг ашиглаж байна. Уул уурхайн экологийн шинжлэх ухаан нь Шинжлэх ухааны нэгэн төрөл болохын хувьд тэдгээртэй болон бусад салбаруудтай нягт холбоотой байхаас аргагүй юм.
Байгалийн нөөцийн аль ч хэлбэрийг тэр дундаа газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд юуны өмнө тухайн төслийн экологийн үр ашгийг тодорхойлж, эерэг үр дүн гарсан нөхцөлд эдийн засгийн үр ашгийг тодорхойлсны дараа шийдвэр гаргах зарчмыг дэлхий нийтээр баримтлахыг тогтвортой хөгжлийн зарчим шаардаж байна. Экологи, эдийн засгийн үр ашгийг тодорхойлогч суурь хүчин зүйл нь технологи байх нь мэдээж хэрэг. Уул уурхайн шинжлэх ухааны байнгын объект нь уул уурхайн аж үйлдвэрийн цогцолбор буюу уул уурхай-металлургийн, түлш-эрчим хүчний, уул уурхай-химийн, барилгын материалын цогцолборууд тэдгээрийн дэд бүтэц (зам, тээвэр, холбоо, ус хангамж, цахилгаан, дамжуулах шугам) зэрэг аж үйлдвэр-нутаг дэвсгэрийн, байгаль газар зүй нутаг дэвсгэрийн экоаж үйлдвэрийн комплекс аж үйлдвэржүүлэлтийн дараах буюу экологжсон аж үйлдвэрийн цогцолбор байх юм.
Монгол улсын газрын хэвлийн баялгийг экологийн шаардлагад нийцүүлэн үр ашигтай, иж бүрэн ашиглах үндсэн концепци ба түүний эрх зүйн баталгаа дараах байдлаар томъёологдон хуульчлагдсан байна [3]. Газрын хэвлийн баялгийг үр ашигтай, иж бүрэн ашиглах асуудлыг зөв шийдвэрлэх гурван үндсэн концепци байна.
Нэгд: Үйлдвэрлэл, хэрэглээний хүрээг оновчлох концепци буюу эрдэс түүхий эдийн нөөцийг үр ашигтай ашиглаж, газрын хэвлийг хамгаалах;
Хоёрт: Эрчимжүүлэх концепци буюу уулын олборлох баяжуулах, боловсруулах аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх;
Гуравт: Уулын үйлдвэрийг экологижуулах концепци буюу газрын хэвлийг үр ашигтай ашиглах болон хамгаалах, байгалийн баялгийг хаягдалгүй иж бүрэн ашиглахын хамт хүрээлэн байгаа орчныг хамгаалах зарчим юм.
Эхний концепцийн талаар Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглах үндсэн шаардлагыг тодорхойлохдоо “Үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, түүний үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг үр ашигтай иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох аргыг хэрэглэх”-ээр заасан бөгөөд Эрдэс, түүхий эдийг боловсруулахад тавих үндсэн шаардлагыг дээрх хуулийн 33 дугаар зүйлд:
1.    Эрдэс түүхий эдэд байгаа ашигтай бүрэлдэхүүн хэсгийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялгаж авах технологи хэрэглэх,
2.    Эрдэс түүхий эдийн ашигтай бүрэлдэхүүн хэсгийн ялгарцын түвшин, хэмжээг боловсруулалтын шат бүрт бүртгэж, хяналт тавьж байх,
3.    Эрдэс түүхий эдийн найрлага, технологийн шинж чанарыг цаашид судлан, боловсруулалтын технологийг боловсронгуй болгох,
4.    Эрдэс түүхий эдийг боловсруулахад гарсан хаягдлыг ашиглах,
5.    Ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан бөгөөд ашиглаагүй байгаа үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэн тооцож, хамгаалж байхаар заажээ.
Хуулийн эдгээр заалтыг зөв мөрдөж хэрэгжүүлэхийн тулд бид эрдэс, түүхий эдийн нөөцийг үр ашигтай ашиглах тухай ойлголтоо тодорхойлох хэрэгтэй. Энэ нь юуны өмнө ашигт малтмал, түүнийг агуулсан уулын чулуулаг, үйлдвэрийн хаягдал зэргийг иж бүрнэээр ашиглах, хайгуул, олборлолт, боловсруулалтын бүх шатанд тэдгээр тоо, чанарын хаягдлын хэмжээг багасгах, (хаягдалгүй ашиглах) замаар эдийн засгийн илүү их үр ашиг олж нийгмийн материаллаг болон оюуны эрэлт хэрэгцээг хангах шинжлэх ухаан, үйлдвэрлэл техникийн ба экологи зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээний системийг хэлж байгаа юм.
Нөгөө талаар газрын хэвлийг ашиглахын зэрэгцээгээр түүнийг хамгаалах гэдэг бол газрын хэвлийн тухай хуулийн заалт бүрийг ширхэгчлэн хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйлдвэрлэл-техникийн, экологи-эдийн засгийн, захиргаа эрх зүйн арга хэмжээний систем юм. Эдгээр арга хэмжээ нь газрын хэвлийд хайгуул хийх, ашигт малтмал олборлох, газрын доорх барилга байгууламжийг барьж ашиглах, үйлдвэрийн илүүдэл ус, хаягдлыг агуулах бүхий л хүрээг багтаасан байх ёстой. Эдгээрээр уулын үйлдвэрийн экологийн угтвар нөхцөл тодорхойлогдож байна.
Хоёр дахь концепци нь Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалаар тодорхойлогдон 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар баталгаажин зохицуулагдаж байна.
Байгаль орчны тогтвортой хөгжлийн үндэс гэж үзсэн хөгжлийн үзэл баримтлалдаа: Газрын хэвлийн баялгийн нөөцийг тогтоож, экологийн хувьд эмзэг газар нутгийн баялгийн ашиглалтыг хязгаарлан, эрдсийн түүхий эдийн баялгийг байгаль орчинд хоргүй, хаягдалгүй технологиор иж бүрэн боловсруулах чиглэлийг баримтлахын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэн зэс, мөнгө зэрэг өнгөт металл, коксжих нүүрсний баяжмал экспортод давамгайлах байдлыг хангах, зарим төрлийн холимог болон үнэт металлын шинэ ордуудыг эзэмших, бүтээгдэхүүнийг гүнзгийрүүлэн боловсруулах металлургийн үйлдвэр байгуулах, эрчим хүч, газрын тосны хэрэгцээг дотоодын үйлдвэрээр үндсэнд нь хангах, нүүрс боловсруулах үйлдвэрлэлийн үндсийг тавих, эрдсийн түүхий эдийг нарийвчлан судалж, улмаар алт, мөнгө, хайлуур жонш, цагаан тугалга, холимог металл, газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, цэвэршүүлэх, өнгөт хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн тавьсан билээ.
Газрын хэвлийг ашиглах, эрдэс түүхий эдийн баялгийг эрж хайх, олборлож боловсруулах чиглэлд гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих төрийн бодлогыг тууштай явуулж байна. Эрдсийн түүхий эдийн ашиглалтыг эрчимжүүлэх энэхүү бодлого нь эрдсийн түүхий эдийн үйлдвэрлэлийн, өөрөөр хэлбэл уул уурхайн үйлдвэрлэлийн хүрээнд түүнийг хэрэглэх хүрээнд хэрэгжих талтайг тэмдэглэх хэрэгтэй.
Эрдсийн түүхий эдийн үйлдвэрлэлийн хүрээнд энэ нь түүхий эдийн ахиу нөөц бүхий бүс нутгийг иж бүрэн эзэмших, (Дархан Эрдэнэтийн, Орхон Сэлэнгийн, Тамсаг Халхголын, Туул Ерөөгийн, Говь Гурвансайханы гэх мэт) эрдсийн түүхий эдийн олборлолт боловсруулалтын үеийн хаягдлын хэмжээг багасгах, хүдэрт буй бүх ашигт элементүүдийг иж бүрэн, бүхэлд нь ашиглах, эрдсийн түүхий эдийн жишгийн (кондици) тухай ойлголтыг үндсээр нь өөрчилж, дэвшилттэй технологийг нэвтрүүлэх замаар урьд балансын гадна тооцогдож байсан нөөцийг ашиглахын хамт үйлдвэрийн хаягдал, үндсэн бэлтгэл малталт, хөрс хуулалтаас гарах уулын чулуулгийг ашиглах асуудлыг шийдвэрлэх нь эрчимжүүлэлтийн үндсэн арга зам юм.
Эрдсийн түүхий эдийн хэрэглээний хүрээн дэх эрчимжүүлэлтийн бодлого нь түүхий эдийн зарцуулалтыг багасгах, хаягдал, хоёр дахь түүхий эдийг ашиглах, байгалийн гаралтай түүхий эдийг хиймэл материалаар орлуулж хэрэглэх замаар хэрэгжих учиртай.
Гурав дахь концепциболох уулын экологийн концепци нь 1995 онд УИХ-аар батлагдсан “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 6-д заасан “Байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна гэсэн заалтаар хуульчлагдан хамгаалагдсан юм.
Түүнчлэн “Газрын хэвлийн тухай” хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн газрын хэвлийг хамгаалах талаар тавих үндсэн шаардлагын гуравт “үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийн нөөцийг зөв зохистой, иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах”-ыг заасан байна. Газрын хэвлийн баялгийг үр ашигтай, иж бүрэн ашиглах асуудлыг зөв шийдвэрлэх үндсэн гурван концепцийн эрх зүйн үндэслэл ийм байгаагийн зэрэгцээ хуулийн заалтууд нь уулын үйлдвэрийн экологийн эрх зүйн үндэс болж байгааг юуны өмнө тэмдэглэж байна.
Одоо би дээрх гурван концепцийн онол, арга зүйн үндсийн талаар үзэл бодлоо илэрхийлье.
Хүрээлэн байгаа орчныг хамгаалах ба байгалийн баялгийг оновчтой, үр ашигтай ашиглах асуудлыг уулын үйлдвэрийн экологийн шинжлэх ухааны хүрээнд багтаан судалж шийдвэрлэх шаардлагатай болж байна. Энэ нь юунаас урган гарч байна вэ? гэвэл ашигт малтмалыг олборлож боловсруулах ажлыг хүрээлэн байгаа орчинд халгүй хамгийн оновчтой түвшинд байлгах онол, арга зүйн үндсийг боловсруулах нь шинжлэх ухааны шинэ чиглэл болох уулын үйлдвэрийн экологийн зорилт болж байна.
Уул уурхайн үйлдвэрлэлийн хүрээн дэх хүний үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх зүй тогтол болон ашигт малтмалыг олборлох, боловсруулах үндэс болсон физик, химийн ажиллагаа, шим мандал дахь бодис энергийн харилцан уялдааг уулын үйлдвэрийн экологи судалдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйлдвэрээс хүрээлэн буй орчны агаар, ус, газар, түүний эерэг болон сөрөг нөлөөллийг уулын үйлдвэрийн экологи судалж байна. Нөгөө талаас уулын экологийн шинжлэх ухааны судлах шинэ чиглэл бол ашигт малтмалын ордыг хаягдалгүй бүрэн гүйцэд, иж бүрнээр ашиглах экологийн цэвэр технологи бүтээх асуудал юм.
Уулын экологийн судалгааны нэг дэх чиглэл болох хүрээлэн буй орчинд нөлөөлөх талаас нь авч үзвэл уул уурхайн үйлдвэр өөрөө хүрээлэн буй орчинд нөлөөлдөг иж бүрдэл бүхий эх сурвалж болно.
Ялангуяа хүн төрөлхтөн бүрэлдэн тогтсон нийгэм, хүний үйл ажиллагаа, оюуны хөгжил геологийн хүч болж Дэлхийн гадаргуу газрын хэвлийг өөрчлөн хувьсгаж буй өнөө үед байгаль хамгаалах, байгаль орчин болон хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал хамгийн өргөн хүрээтэй болж байна. Энэ их өөрчлөлтийн үйл явцад уул уурхайн үйлдвэрлэл зонхилох байрыг эзэлж байна. Эрдэс түүхий эдийн баялгийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр уул уурхайн үйлдвэрийн байгаль ба хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөлөл улам эрчимтэй өсөж байна. Уулын үйлдвэр нь бүс нутгийн болон улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй боловч бүс нутгийн экологийн байдлыг муутгадаг сөрөг талтай юм. Ийм нөхцөлд уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл бүхий бүс нутгийн болон газрын хэвлийн экологийн тэнцвэрийг хангах хоёр гол зорилт тавигдаж байна. Үүний нэг нь хүрээлэн буй орчныг хамгаалах, нөгөө нь уулын олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн экологийн цэвэр технологийг бүтээх зорилт юм.
Уул уурхайн экологийн цэвэр технологи гэдэг ойлголтод ашигт малтмалыг олборлох, боловсруулах физик, химийн явцад эрдэс баялгийг хаягдалгүй буюу бага хаягдалтай ашиглах технологийг сонгон бүтээж, тэдгээрийг дагнах, дараалах, хослох хэлбэрээр хэрэглэснээр эрдэс түүхий эдэд байгаа ашигтай бүрэлдэхүүн бүрийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялган авах боломж бүхий ашиглалтын систем, уулын ажлын горим, физик, химийн ажиллагааны цогцолборыг хамааруулж байна. Экологийн цэвэр технологийг бүтээхийн тулд ашигт малтмалын ордын экологийн ангиллыг тогтоох шаардлагатай. Тухайлбал. ашигт малтмалын орд газрыг экологийн талаас нь авч үзвэл геологийн хувьслын дүнд үүссэн байгалийн буюу үндсэн орд газар, түүнийг ашиглах явцад хүний үйл ажиллагааны дүнд буй болсон үүсмэл (техногенный) орд газар гэж хоёр ангилна.
Үүсмэл орд газар тогтох олон шалтгаан бий.
1.    Ашигт малтмалыг хаягдалгүй олборлох, баяжуулах технологи одоохондоо байхгүй.
2.    Уулын олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийн тухай ойлголт хандлага буруу тогтоогдсон.
3.    Уулын үйлдвэрийн экологийн үр ашиг гэдэг ойлголт ерөөсөө байхгүй.
4.    Эрдэс түүхий эдийн жишиг (кондици) гэдэг ойлголтыг ашигт малтмалын нөөцийн тооцоонд буруу ашигладаг. Түүнийг уул-геологийн, уул-техникийн, болон экологи-эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт гэж өрөөсгөл ханддаг.
5.    Уул-геологийн хүнд нөхцөл бүхий бага агуулгатай, баяжуулахад хялбар биш хүдрийг боловсронгуй бус техник технологиор олборлож, баяжуулснаас ашигт малтмалын үлэмж хэмжээний хаягдал, бохирдолт үүсч, ордыг зэрэмдэглэж экологийн тэнцвэр алдагдуулдаг.
6.    Ордын геологи хайгуулын ажлыг экологийн талаас иж бүрэн хийдэггүй учраас тухайн ордын нөхцөлд тохирсон технологи сонгох боломжгүй байдаг. Эдгээр болон бусад олон шалтгааны улмаас үүсмэл (техногенный) орд газар үүсэхэд хүрдэг байна.
Ашигт малтмалын үүсмэл (техногенный) орд газрын бүрэлдэн тогтох нөхцөлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
1.    Дутуу ашиглаад орхисон орд
2.    Бага агуулгатай хүдрийн овоолго
3.    Исэлдсэн хүдрийн овоолго
4.    Хаягдал бохирдолт бүхий уулын цулын холимог овоолго
5.    Драг болон усан буу, скруберийн овоолго
6.    Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуй
Дээрх ангилал нь нэг талаар байгалийн ордыг ашиглах явцад үүссэн хаягдал мэт боловч нөгөө талаар энэ нь олборлох баяжуулах болон металлургийн үйлдвэрлэлд дахин олборлож гүйцээн боловсруулах ашигт малтмалын үүсмэл орд юм. Гагцхүү үндсэн ба үүсмэл ордыг ашиглах орон зай, цаг хугацааны уялдааг зөв зохицуулах, ашигт малтмалыг хаягдалгүй иж бүрэн олборлох арга уулын экологийн онолын чухал үндэс юм.
Уул уурхайн шинжлэх ухааны онол, практикийн өнөөгийн түвшинд үүсмэл ордуудыг байгаль орчинд дарамт учруулсан, байгалийн төрх байдлыг эвдсэн зүй бус шороон овоолго гэж үзэх үзэл давамгайлж газар орчны хотгор хонхорыг дарах, овгор гүдгэрийг тэгшлэх, ургамал тарихыг (рекультивац) яаравчлах хандлага байна.
Гэтэл эдгээр үүсмэл ордууд нь олон төрлийн эрдсийн түүхий эдийг агуулсан ашигт малтмалын үлэмж нөөц бүхий бөгөөд хүний хэрэгцээг хангах үнэт зүйлс хэвээр байдаг.
Ашигт малтмалын үүсмэл ордууд буй болгох зайлшгүй нөхцөл байдлыг өнөөгийн уул уурхайн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин, эдийн засгийн хандлага, тухайлбал, эрдэс түүхий эдийн жишиг, эдийн засгийн үр ашгийн хэмжүүр, технологийн боломжид тулгуурласан ашиглалтын хаягдал бохирдолт, балансын гаднах нөөц зэрэг үзүүлэлтүүд техник- эдийн засаг, эдийн засаг-эрх зүйн баталгаатай байдаг учир бид үүсмэл ордуудыг байгаль орчныг бохирдуулж түүний антропогений ачааллыг нэмэгдүүлсэн хэрэггүй зүйл, хог хаягдал мэтээр үзэх үндэсгүй юм. Тэгэх тусмаа байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгалийн баялгийг дутуу ашиглах, бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөхийг байгаль орчинд хортой нөлөөлөх үйлдэл гэж тогтоосон учир ашигт малтмалыг үндсэн ордоос нь бүрэн олборлож ашиглах, боловсруулах шатанд нь элемент бүрийг иж бүрнээр нь ялгаж авах шаардлага тавигдаж байна.
Эл шаардлагыг хангаж чадах технологийг уулын үйлдвэрийн экотехнологи гэж нэрлэж болох бөгөөд ашигт малтмалын байгаль орчинд хортой нөлөөлөлгүй, хаягдалгүй иж бүрэн ашиглах арга юм. Экотехнологи нь дагнасан, дараалсан, холимог хэлбэртэй байж болно. Эхний шатны олборлолт, баяжуулалт, боловсруулалтаар ялгаж авч чадаагүй үлдээсэн ашигт малтмалын үндсэн ба үүсмэл ордыг цувуулж эсвэл хослуулж холимог аргаар хаягдалгүй иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах боломж бүхий уул уурхайн экологийн цэвэр үйлдвэрлэлийн технологийн цогцолборыг үүсгэн хөгжүүлж болох юм.
Эдгээр дүгнэлтэд тулгуурлан уулын үйлдвэрийн экологийн онол, арга зүйн дараах зарим үндэслэлийг дэвшүүлж байна.
1.    Ашигт малтмалын үүсмэл орд гэдэг бол ямар нэгэн хаягдал биш хүний хөдөлмөр геологийн хүчин зүйл болох зүй тогтлын дагуу үүссэн орд гэж үнэлэх
2.    Дээрхээс үүдэн уул уурхайн үйлдвэрийн экологийн цэвэр үйлдвэрлэл буюу хаягдалгүй экотехнологийн зорилтыг хоёр шаттай хэрэгжүүлэх онолыг нэвтрүүлж батлах
3.    Байгалийн болон үүсмэл ордыг олборлох дарааллыг түүний орон зай, цаг хугацааны хүчин зүйл, хүрээлэн буй орчны экологийн шаардлага, тухайн ордын экологийн тэнцвэрийг хадгалах шаардлага зэрэгтэй нягт уялдуулах
4.    Ордын экологийн тэнцвэрийг хадгалах гэдэг ойлголтод ашигт малтмалын ордын эрдэс түүхий эдэд байгаа ашигтай бүрэлдэхүүн хэсгийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялгаж авах чадвар бүхий уулын олборлох, боловсруулах, технологитой үйлдвэрлэл явуулах, эсвэл дээрх нөхцөлийг бүрэлдэх хүртэл ордыг хөндөлгүй бүрэн бүтнээр нь хадгалах зарчмыг баримтлах
Уулын экологийн онол, арга зүйн дээрх зарчмыг үндэс болгож ордыг хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй ашиглах экологи-эдийн засгийн үр ашгийн үнэлгээний өнөөгийн зарчмыг эрс өөрчлөх шаардлага гарна. Уг зарчмын агуулга нь дан эдийн засгийн үр ашгаар бус экологийн үр ашгаар тодорхойлогдох ёстой болно. Экологийн үр ашиг гэдэг нь тухайн ордын бүх төрлийн ашигт малтмалыг хаягдалгүй бүрэн гүйцэд ашигласнаас олох орлого байгаль орчинд учрах хохирлыг арилгаснаас хэмнэгдэх зардал зэргийн нийлбэрээр тодорхойлогдох болно.
Экологи эдийн засгийн үнэлгээний дээрх зарчмыг баримтлах нөхцөлд ашигт малтмалын балансын бус нөөц, эрдэс түүхий эдийн жишиг (кондици), ашиглалтын хаягдал, бохирдолт, ашиглах хүдрийн захын агуулга зэрэг ойлголтууд уулын үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг тодорхойлох үзүүлэлт байхаа болино.
Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ нь экологийн цэвэр үйлдвэрлэл явуулахад зарцуулах хамгийн бага зардлын хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнээр хийсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүний үнээс дээгүүр байж болно. Уул уурхайн бүтээгдэхүүнээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний үнэд эрдсийн түүхий эдийг эрж хайхаас эхлээд олборлож боловсруулж зэсийн баяжмал, катодын зэс, алтны цувимал хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрээлэн байгаа орчинд учруулсан экологийн хохирлын үнэ тусгагдаагүй үүнээс болж дэлхийн нөхөн сэргээгдэхгүй эрдсийн түүхий эдийн нөөц ихээр үрэгдэж хүн төрөлхтөн экологийн үлэмж хохирол үзсэн байтал түүнийгээ эдийн засгийн үр ашиг гэдэг өрөөсгөл үзүүлэлтэд хууртаж явсныг өөрчлөх ёстой болно.
Тэгээд ч уулын олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүний үндэсний бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин өндөр хөгжилтэй орнуудад 1.8%, хөгжиж байгаа орнуудад 10.3% байсныг (1973 онд) үзэхэд экологийн цэвэр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал дэлхийн зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх үндэс багатай учир хэрэгжүүлэх боломжтой юм. Тэгэхдээ энэ нь аль нэг улсын хэмжээнд бус дэлхийн экологийн бодлогын хүрээнд шийдэгдэх учиртай асуудал юм.

доктор (Sc.D), профессор П.Очирбат (ШУТИС, УУИС)

2009/12/15
Нийтэлсэн: P.ochirbat
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 2 сэтгэгдэл байна
Силпро ххк. 202.126.92.7 2009/12/23 #

Хөдөлмөр хамгааллын сайн чанарын олон улсын шаардлага хангасан чанартай, хямд хувцас гутал болон багаж хэрэгслүүдийг байнга худалдаалж байна. Мөн хүнд машин механизмийн засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийг богино хугацаанд үнийн уян хатан системтэйгээр хийж гүйцэтгэнэ. Холбоо барих утас:99020194

Хариулт бичих
Padgui chamd 122.201.20.5 2009/12/27 #

Nowsh mongoliig gazar shoroog suitgej mongo olood odoo yanzalna gj bas ideh ni uu?

Хариулт бичих
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа