Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбооны өмнөөс ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн, профессор, эрдэм шинжилгээний ажилтан, нийт ажиллагсдад 50 жилийнх нь ойн баярын мэнд дэвшүүлье.
Энэ ойн арга хэмжээнд Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоог төлөөлөн оролцож байгаагийн хувьд эхний ээлжинд Холбооныхоо тухай товч танилцуулга хийхийг зөвшөөрнө үү.
Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоо нь 1998 онд байгуулагдснаас хойш “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдмин” ХХК, Эрдэс боловсруулалтын шинжилгээний төв, “Монгол газар” ХХК, ШУТИС-ийн харъяа уул уурхайн инженерийн сургууль, “Монголросцветмет” нэгдэл, “Монгол алт” ХХК, “Уулс импекс” ХХК, “Монгол концентрат” ХХК, “Монгол Чехословак” ХХК, “Микохолдинг” ХХК, “М&Diamond” ХХК, “Эрдэс холдинг” ХХК, “Тосон алт” ХХК зэрэг 15 гишүүн байгууллага, 320 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа нь тогтмолжсон байгууллага болон өргөжсөөр ирлээ.
МАМБХ нь 10 гаруй жилийн хугацаанд баяжуулалтын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг чиглүүлэх, тэргүүлэх инженер техникчдийн ур чадварыг өргөнөөр татан оролцуулах, тэдгээрийн зөвлөмж, туслалцаатайгаар гүйцэлдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.
Эх орны минь өргөн дэлгэр нутаг Менделеевийн үелэх системийн бүх элементүүдийг агуулсан эрдсийн арвин нөөцтэй бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн хэмжээнд зэс, молибден, алт, нүүрс, хайлуур жонш, газрын тос, цагаан тугалга, гянтболд, өнгөт чулуу, шохой, фосфорын ислийг олборлон боловсруулж ирсэн баялаг туршлагатай билээ.
Дэлхийн улс гүрнүүдийн хэмжээнд Монгол Улс ашигт малтмалын нөөцөөр баян орны тоонд ордог. Ашигт малтмалаа зүй зохистой, оновчтой олборлон авч ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх, улс эх орныхоо эдийн засгийг арвижуулах, ард түмний амьжиргааг дээшлүүлэх нь манай уул уурхайн салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжлийн инженерүүдийн ур ухаан, ажиллагсдын хүч хөдөлмөрийн бүтээмжээс ихээхэн шалтгаална.
Баяжуулагч бидний өмнө эрчим хүч бага зарцуулдаг, найдвартай ажиллагаатай тоног төхөөрөмжөөр, байгаль орчинд сөрөг үр дагаваргүй, өртөг зардал багатай технологиор ашигт малтмалаа боловсруулан гаргаж авч, улс орны хөгжлийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гол зорилт тавигдаж байна.
1978 онд Ази тивд нэгд орох зэс молибдений “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд орсноор Монголын уул уурхайн салбар улс орны эдийн засагт зонхилох үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Манай орны урд бүсэд орших Цагаансуврагын зэс молибдений ордоос гадна алт агуулсан Оюутолгойн зэсийн, Тавантолгойн нүүрсний, Төмөртийн-Овооны цайрын, Бугантын болон Заамарын алтны ордууд ашиглагдаж, зарим нь нээгдэхээр Засгийн газрын шийдвэр гараад байна.
Орчин үеийн баяжуулалтын процесст металл авалтыг дээшлүүлэх хямд, хялбар урвалжууд, бүтээмж ихтэй техникийг ашиглаж, тэдгээрийг бүрэн автоматжуулан удирдах шийдлүүдийг илүүд үзэх боллоо.
Хүдэр бэлтгэл Хүдрийг баяжуулалтанд бэлдэх үндсэн процессууд болох бутлах, нунтаглах үйлдэлд баяжуулах фабрикийн ашиглалтын зардлын 50-60%, хөрөнгө оруулалтын мөн тийм хэмжээний хувь оногддог билээ. Иймд өндөр хүчин чадалтай, эрчим хүч бага зарцуулдаг орчин үеийн тоног төхөөрөмжүүд, технологийн төгөлдөр схемийг оновчтой сонгож хэрэглэх нь шинээр баригдах үйлдвэрийн төслийн шийдэл, одоо ажиллаж буй үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийхэд онцгой ач холбогдолтой.
Эрдэнэтийн-Овоо ордын зэс молибдений хүдрийг боловсруулахдаа 1,2,3-р шатанд булт бутлууруудыг, нунтаглалтын шатанд бөөрөнцөгт тээрэм, мөн сүүлийн үеийн баяжуулалтын нунтаглалтанд ашигладаг болсон хагас өөрөө нунтаглах тээрмүүдийг хэрэглэж байна.
Алтны үндсэн ордуудын хүдрийг бэлтгэхэд хацарт болон булт бутлуур, 1 ба 2- шатны нунтаглалтанд савхат болон бөөрөнцөгт тээрмүүд, төвөөс зугатах хүчний үйлчлэлтэй Нельсон концентратор (Бороо гоулд, Олон-Овоот, Бумбат зэрэг үйлдвэрүүд) хэрэглэж байна.
Цайрын хүдрийн бэлтгэлд хацарт болон булт бутлуур, бөөрөнцөгт тээрэм, уламжлалт хөвүүлэгч машиныг (Цайрт минерал үйлдвэрт) ашиглаж байна.
Олон улсын түвшинд сүүлийн 10 гаруй жилд тээрмүүдийн хүчин чадал, овор хэмжээ эрс өссөн ба одоогийн байдлаар хүдэр өөрөө нунтаглах тээрмийн диаметр 12,2 м, бөөрөнцөгт тээрмийн диаметр 7,6 м-т хүрчээ. Мөн хүдэр бэлтгэлийн ажлын тоног төхөөрөмжүүдийг удирдах автомат удирдлагын системүүдийг боловсруулах үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж байна.
Зэсийн хүдрийг баяжуулах үйлдвэрт бутлалт, нунтаглалтын технологийн 3 шаттай бутлалт + 1 ба 2 шаттай нунтаглалт (“Эрдэнэт үйлдвэр” ХХК), анхдагч бутлалт + хагас өөрөө нунтаглалт (“Эрдэнэт үйлдвэр” ХХК, Цагаан суврага, Оюу толгой) гэсэн схемийн үндсэн 2 хувилбар өргөн хэрэглэгдэж байна.
Алтны (Заамарын бүлэг орд) болон цагаан тугалганы (Цэнхэр мандал) шороон ордуудын элсийг Драгаар угаан, концентрацийн ширээгээр шигшин баяжмалыг гравитацийн аргаар ялган авна.
Бор-Өндөрийн баяжуулах фабрикт хайлуур жоншийг баяжуулалтанд бэлтгэхдээ мөн хацарт болон булт бутлууруудыг 3 шаттайгаар, бөөрөнцөгт тээрмүүдийг нунтаглалтад ажиллуулж байна.
Баяжуулалт Баяжуулах үйлдвэрүүдийн гол цөм бол хүдэр бэлтгэлийн дараах баяжмал гарган авах технологийн процесс болон түүнийг явуулах техник төхөөрөмжийг оновчтой сонгон авч, технологийн горимыг чанд баримтлах явдал юм.
“Эрдэнэт” үйлдвэрт зэс, молибденийг хөвүүлэн баяжуулахад үндсэн, хяналтын, цэвэрлэх, салгах процессууд орох ба гарган авсан баяжмалыг угаах, тунаах, шүүн ачих хүртлэх нарийн уялдаа холбоо бүхий технологиуд орно.
Зэс, молибдений хүдрийн флотацид сүүлийн жилүүдэд ОК маркийн финляндын хийн механик, АНУ-ын ВЕМКО, баганан Пирамид, ОХУ-ын фМР, фПМ, РИф, Хятадын КҮF маркийн флотмашинуудыг, баяжмал шүүгч керамик даралтат шүүлтүүрүүдийг хэрэглэж байна. Эдгээр техникүүд нь зэс, молибден баяжуулах фабрикт ерөнхийдөө орчин үедээ дүйцэхүйц бөгөөд эдгээрийг автомат удирдлагад шилжүүлснээр техник, технологийн процессоо хянах, тохируулга хийхэд илүү дөхөмтэй, тодорхой хугацааны шинжилгээ судалгаа явуулах дээж авах автомат төхөөрөмжүүдийг тавьсан юм.
Баяжуулах үйлдвэрийн технологид орд газрын хүдрийн онцлогт тохирсон урвалжууд хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Өнгөт металлын баяжуулалтын технологид орчин тохируулагч, цуглуулагч, дарагч, хөөсрүүлэгч урвалжууд өргөн хэрэглэнэ.
Орчин тохируулагч урвалжид шохой, цуглуулагчид ксантогенат, синергизмын үзэгдэл дээр үндэслэгдсэн сонгомол үйлчилгээтэй урвалжууд, дарагчид хүхэрт натри, шингэн шил гэх мэт урвалжуудыг хэрэглэж байна.
Манай эрдэмтдийн баг Эрдэнэтийн-Овоо орд газрын одоо олборлож байгаа болон ирээдүйд олборлох хүдрийн бүтэц, онцлог шинж чанарын орон зай, цаг хугацааны хувиралд тохируулан бүлэг цуглуулагч урвалжуудаас сонгон AeroMx урвалжийг гарган авснаар зэсийн металл авалтыг дээшлүүлэхийн зэрэгцээ молибдений металл авалтыг 15% хүртэл өсгөх, зэсийн баяжмал дахь мышъякийн агуулгыг 0,25% хүртэл бууруулах боломжтой экологийн цэвэр, ажлын байрны эрүүл ахуйг хангасан технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
Сүүлийн үед зэс үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал хямд, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гидрометаллургийн (уусгах- хандлахэлектролизлэх) аргаар зэс үйлдвэрлэхийг эрмэлзэх болсон. Гидрометаллургийн технологиор исэлдсэн, холимог, хоёрдогч сульфидийн хүдэр, баяжуулах фабрикийн зарим нэр төрлийн завсрын бүтээгдэхүүнийг уусган, зэс агуулсан уусмал гарган авч, улмаар хандлах-электролизлэх технологиор дээд зэргийн чанартай зэс гарган авч байна. Уламжлалт хөвүүлэн баяжуулалтын технологиор боловсруулахад эдийн засгийн ашиггүй исэлдсэн болон холимог зэсийн хүдрийг уусган электролизийн аргаар боловсруулж авч байгаа нэг жишээ бол “Эрдмин” үйлдвэр билээ.
Бор-Өндөрийн хайлуур жоншны баяжуулах фабрикт хөөсрүүлэн баяжуулалтын үндсэн болон хяналтын флотацид РИф, цэвэрлэгээний флотацид фМ маркийн механик флотмашинуудыг ашиглаж баяжмалыг үйлдвэрлэж байна. Баяжмалаа цааш нь өтгөрүүлэн, дискэн вакуум шүүлтүүрт шүүж, дамран хатаагуурт хатаана.
Алтны үндсэн ордыг гидрометаллургийн аргаар ялган баяжуулж авдаг юм. Үүнд Бороо гоулд, Олон-Овоотын үйлдвэрүүд орно. Эдгээр үйлдвэрт алтны хүдрийг цианитаар уусган, цианы уусмалаас алтыг идэвхжүүлсэн нүүрсэнд шингээж авна.
Дэлхийн зах зээл дээр өнгөт металлын хэрэгцээ ихсэж, ханш, түүн дотроос зэсийн үнэ харьцангуй нэмэгдэж байгаа өнөө үед одоо ажиллаж байгаа боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг аль болох бүрэн дүүрэн ашиглан, эрдэс түүхий эдийг иж бүрэн боловсруулж, улсынхаа эдийн засгийг зузаатган, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулах асуудлыг тавих нь зүйтэй.
Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоо нь өнөөдөр 30 гаруй эрдэмтэн докторуудыг багтаан, төрөл бүрийн ашигт малтмалыг баяжуулан боловсруулах чиглэлд ажиллахын зэрэгцээ, дэлхийд онолын баяжуулалтын суурийг тавьж, улмаар нанотехнологийн түвшинд судалгаа хийх боломж бүрдэж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн шинжилгээний төв лабораторийн материаллаг баазыг шинэчлэн өргөжүүлснээр хагас үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдээ бүрэн автоматжуулж, эрдэс судлал, хүдэр бэлтгэлийн болон баяжуулалтын бусад аргуудын орчин үеийн программчлагдсан тоног төхөөрөмжтэй болсноор эх орныхоо эрдэс, түүхий эдийн баяжицыг судлах туршилт явуулах боломжтой боллоо.
Монголын уул уурхай, үйлдвэржүүлэлт, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж мэргэжлийн бусад холбоодуудтай өнөөгийн тулгарсан тодорхой асуудлуудыг шийдэхэд хамтарсан баг болж ажиллахыг уриалж байна. Одоо ашиглагдаж буй болон ирээдүйд ашиглахаар төлөвлөж буй баяжуулах үйлдвэрүүдэд тулгарч байгаа техникийн хүндрэлүүдийг арилгах, технологийг нутагшуулан эрчимжүүлэхэд тус холбооны мэргэжилтнүүдээс мэргэжлийн туслалцаа авна гэдэгт дүүрэн итгэж байна.
Г.Шархүү (Монголын ашигт малтмал
баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч)