Мэдээний дэлгэрэнгүй
Тавантолгойд кокс-химийн үйлдвэр байгуулахгүй л юм бол гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй
Коксждог нүүрс бол удахгүй хэрэглээнээс гарчих гээд байгаа, эсвэл яаравчлан ухаж зарахгүй бол үнэ цэнээ алдчих гээд байгаа элбэг дэлбэг зүйл биш. Тайлбарлая. Хятад, Энэтхэг тэргүүтэй хөгжиж буй орнуудын хэдэн тэрбумаар тоологдох иргэд урцанд сууж, илжигээр унаа хийсэн хэвээрээ байгаад байхгүй. Тэд зам гүүр, барилга, цахилгаан станц, үйлдвэржилт гээд бидний ярьдагийг л ярьж суугаа. Энэ бүх бүтээн байгуулалт гангүйгээр ганц ч алхам урагшлахгүй. Тэхээр дэлхийн гангийн хэрэглээ ойрын хэдэн арван жилдээ л лав өснө. Гангийн үйлдвэр коксгүйгээр бүтэхгүй, лав л зуун жил тийм байсан, ойрын тавин жилдээ ч энэ хэвээрээ л байна. Коксыг кокждог нүүрсээр хийдэг. Гэтэл коксждог нүүрс нь дэлхийн нийт нүүрсний нөөцийн багахан хувийг эзлэхээс гадна цөөхөн хэдхэн оронд тархсан байдаг. Тэр тусмаа манай Тавантолгой шиг томоохон хэмжээний нөөцтэй орд нэн ховор. Эндээс Тавантолгой ямаршуухан ирээдүйтэй орд вэ гэдэг нь илэрхий харагдана.
Тийм учраас л гадаадын том компаниуд энэ ордыг ашиглахыг сонирхож саналаа Монголын төрд ирүүлээд байгаа. Харамсалтай нь энэ мэдээлэл нийтэд хаалттай. Ухаантай, боловсролтой дарга нарт л нээлттэй. Хааяа нэг мэдээллийн хэрэгслээр цацагдах төрийн ажилтаны үгээр бол гадаадын компани л эзэмших ёстой, зайлшгүй шаардлагатай гэх. Яагаад гэдэг талаар ямар ч тайлбар алга.
Тавантолгойд зүгээр нэг уурхай байгуулах тухай биш, түүнийгээ дагаад кокс-химийн үйлдвэр, төмөр замын өргөтгөлийн тухай ярьж байгаа хэмээн найдана. Гэтэл эдгээр объектуудын хаана нь гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай, хаана нь бид дотоодын нөөц боломжоороо ажиллаж болох тухай яриа огт сонсогдохгүй юм. Зүй нь чадах зүйлээ бид өөрсдөө хийж, чадахгүй зүйлээ гадныхнаар хийлгэх нь зохистой санагдана.

Уурхайн хувьд бид заавал гадаадын шууд хөрөнгө оруулалт гуйгаад байх шаардлагагүй болсон цаг. Үндэсний томоохон компаниуд ч бий болсон. Арга ядахад уурхайн зураг төсөл, төлөвлөгөөг нь гадаадын мэргэшсэн компаниар хийлгээд ухахыг нь өөрсдөө ухчих боловсон хүчний, техникийн болоод эдийн засгийн чадамж байна.
Төмөр зам барихад их хэмжээний хөрөнгө хэрэгтэй учраас гадаадын шууд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай гэдэг нь үнэний ортой. Гэхдээ зайлшгүй нөхцөл биш. Төсөл нь ашигтай болох нь тогтоогдсон үед нөөцөө барьцаалаад санхүүжилт авч дэд бүтцээ бий болгох бололцоо байгаа нь Энержи Ресоурсэс компанийн жишээн дээр харагдаж л байна шүү дээ. Тэгээд ч Монголын төр өөрөө байр сууриа тодорхой болгосон цагт бид Оросуудыг төмөр замд хөрөнгө оруулаач гэж гуйх биш, тэд өөрсдөө ашигтай тээврийг алдахгүйн тулд тэртэй тэргүй санал болгож таарна. Тээвэр нь дангаараа хангалттай ашигтай учраас төмөр зам бариулахын тулд заавал уурхайгаа ухуулах шаардлага байхгүй. Яахав төмөр замд хөрөнгө оруулагч тээврээ баталгаажуулахын тулд уурхайн багахан хувийг эзэмшиж болох л юм.

Кокс-химийн үйлдвэр бол төмөрлөг, хими, тэсэлгээний бодис, бордоо зэрэг улсын хөгжил, бие даасан байдлыг илэрхийлэх стратегийн бүтээгдэхүүнүүдийн суурь үйлдвэр. Суурь үйлдвэрлэлийг бий болгохгүй л бол Хятадаас хагас боловсруулсан бүтээгдэхүүн авч ирж Монголд угсрах, эсвэл эсгийгээр таавчиг, бэлэг дурсгалын зүйлс хийхээс өөр олигтой үйлдвэрлэл Монголд хөгжихгүй. Тавантолгойн нөөцөд түшиглэсэн кокс-химийн үйлдвэрийг байгуулах зайлшгүй шаардлагатай. Кокс-химийн үйлдвэрт шаардлагатай болсон хүчин, туршлага манайд байхгүй нь үнэн. Үүнд л гадаадын хөрөнгө оруулагчийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байна. Тавантолгойн нөөцийг ашиглах тэдний хүсэл зорилгод дөрөөлөөд бид боловсруулах үйлдвэр бариулаад авах ёстой. Тэд ашигаа аваад гарна, бидэнд ашигаас гадна боловсон хүчин, инженерийн шинжлэх ухааны хөгжил үлдэх учиртай. Эрдэнэт, Бор-Өндөрийн УБҮ-үүд ашиглалтанд орж байхад Орос мэргэжилтэнүүдийн гарыг хардаг байсан бол өнөөдөр Монголын баяжуулагч нар бие даагаад үйлдвэр аваад явчих чадалтай болсон. Үүнтэй л ижил. Тавантолгойн төслөөр дамжуулан арав хорин жилийн дараа Монголын гэсэн химийн инженерүүд бий болж, үндэсний аж үйлдвэрлэл тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Хэрэвзээ кокс-химийн үйлдвэр байгуулахгүй л юм бол Тавантолгойд гадаадын хөрөнгө оруулагчийн шаардлага байхгүй.

Хэтийн хөгжлийн суурийг зөв тавихын тулд кокс үйлдвэрлэх технологийг оновчтой сонгох нь амин чухал. Товч тайлбарлая. Кокс үйлдвэрлэх нь талх барихтай ижил зарчимтай. Нүүрсийг нунтаглан гурил шиг болгоод пийшинд хийж агааргүй битүү орчинд мянгаад хэмийн халуунд жигнэнэ. Энэ явцад нүүрснээс ихээхэн хэмжээний шатдаг хий болон өтгөн хар тос ялгарна. Эдгээр нь ялгарч дуусахад барьцалдан хөөсөн сүвэрхэг биет үлдэнэ. Үүнийг кокс гэх. Талх барихад гурил, дрож, ус хэрэгтэй. Тус бүрийнх нь орцыг сайн тохируулахгүй бол олигтой талх болохгүй, түүхийрнэ. Кокс үйлдвэрлэхэд мөн тохиромжтой нүүрсний хольцыг бэлтгэх шаардлагатай. Талхны дрож мэт хөөмөл бүтцийг бий болгох үүрэгтэй нүүрсийг нь коксждог нүүрс гэнэ. Ус мэт холбох үүрэгтэй нүүрс нь дэгдэмхий өндөртэй байна. Харин бүтэц болон хатуулгийг жигдрүүлэх үүрэгтэй нь дэгдэмхий багатай антрацит мэтийн нүүрс байна. Эдгээрийн дотроос ус болон гурил мэт нүүрс нь элбэг, үнэ хямд. Харин дрож мэт нүүрс нь ховор, үнэ өндөр. Тавантолгойн ордын 6 тэрбум тонн нөөцийн 1.5 тэрбум тонн нь энэхүү дрож мэт хөөх чадвартай коксждог нүүрс юм.
Коксжуулах явцад ялгарах өтгөн хар тосыг мэргэжлийн хэллэгээр нүүрсний давирхай гэнэ. Энэ нь олон төрлийн химийн нэгдлүүдийн хольц юм. Давирхайнаас гадна шатдаг хий бас ялгарна. Үүний талыг шатааж дулааныг нь коксжуулахад ашиглана. Үлдсэн хагас нь илүүдэл болдог. Давирхай болон хийг бүгдийг нь коксын зуухан дотроо шатаачихдаг технологи байдаг. Энэ тохиолдолд нүүрсээ коксжуулчихаад илүү гарсан дулааныг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж болно. Эсвэл давирхай болон хийг нь ялгаж аваад химийн үйлдвэрт ашиглах технологи бас байдаг. Үүнийг кокс-химийн үйлдвэрлэл гэж яридаг. Кокс-химийн үйлдвэрүүд ихэвчлэн гангийн үйлдвэрийн дэргэд байрладаг учраас илүүдэл хийг гангийн үйлдвэрт ашигладаг. Манайд гангийн үйлдвэр байхгүй учраас коксын хийг яаж ашиглах талаар бодох зайлшгүй шаардлагатай. Коксын хий нь устөрөгч өндөртэй учраас илчлэг багатай. Өөрөөр хэлбэл шатааж цахилгаан үйлдвэрлэхэд тохиромжгүй, бүр харамсалтай, харин химийн үйлдвэрлэлд бол үнэ цэнэтэй түүхий эд юм.

Сүүлийн хэдэн жил нүүрс хийжүүлж шингэрүүлэх яриа сэргээд байгаа. Нүүрсийг хийжүүлнэ гэдэг нь хатуу биетийг хүчилтөрөгчөөр задлаад хий болгочихно гэсэн үг. Маш өндөр өртөгтэй ажиллагаа. Гэтэл коксын хий нь дайвар бүтээгдэхүүн, бараг үнэгүй гэсэн үг. Коксын хийг ашиглах нь нийлэг химийн бүтээгдэхүүн, шингэн түлш үйлдвэрлэх хамгийн хямд зам. Байгалийн хий ашиглахаас ч хямд. Тиймээс зохистой хувилбар, хүчин чадлыг сонгож чадах юм бол кокс-химийн үйлдвэрт үндэслээд Монгол улсын нефть бүтээгдэхүүний хамаарал ч буурах боломж харагдаад байна. Коксын хийнээс өнөө л яриад байгаа дизелийн түлш давамгайлсан Фишер-Тропшийн шингэн, бинзентэй хольж ашиглаж болох метанол, шингэрүүлсэн нефтийн хийтэй төстэй шинч чанар бүхий ДМЭ зэргийг үйлдвэрлэж болно. Бүр цаашилбал илүүдэл устөрөгч, хүхэрт устөрөгчийг нь ашиглаад хэтдээ Монголын уул уурхай, газар тариаланд амин чухал хэрэгцээтэй тэсэлгээний материал, бордооны үйлдвэрлэлийг эхлэх боломж бий.

Тавантолгойн орд бол Монголын өмч. Монголын өмч учраас Монголчуудын оролцоог байж болох дээд хэмжээнд хүргэх учиртай. Бид өөрсдөө хийж, оролдож, алдаж байж л өөрийн гэсэн үндэсний үйлдвэрлэлтэй болж, өөрийн юмандаа эзэн болж сурна. Төрийн хэвшлийн байна уу, хувийн хэвшлийн байна уу үндэсний үйлдвэрлэл байх нь чухал санагдана. Төр, хувийн хэвшил нэгэн баг болж байж амжилтанд хүрдэг жишээ дэлхийгээр дүүрэн л байна. Үндэсний хөрөнгөтнөөс гадаадын хөрөнгөтнийг илүүд үзэхийн хэрэг юун? Монгол хүн баяжсанаар Монголд үлдэх мөнгөний хэмжээ л нэмэгдэнэ. Монгол хүн хөгжинө, Монголын шинжлэх ухаан хөгжинө.

Тавантолгойн ордыг ашиглахад үндэсний оролцоог нэмэгдүүлэх олон хувилбар байж болох. Уурхайг төр хувь нийлсэн үндэсний консорциум бүрэн эзэмшиж, кокс-химийн үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулж, төмөр зам барих ажлыг гадаадын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх хувилбар байж яагаад болохгүй гэж? Яагаад энэ талаар огт яригдахгүй, зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид ийм тийм санал ирүүлсэн, тэдгээрээс л сонгоно гээд яриад байгаа юм бэ? Бид талх барьж чаддаггүй юмаа гэхэд ядаж гурил, дрожыг нь дэлгүүрээс худалдаж авах ажлыг өөрсдөө хийж болдоггүй юм уу? Тэгээд талх барих ажлыг нь гадныхантай хамтарч хийгээд сураад авъя. Тэд талхаа зарж ашигаа аваад л сэтгэл хангалуун нутаг буцаг, бид өөрсдөө талхны технологитойгоо үлдэнэ. Байж болох хамгийн тэнэг хувилбар бол сонгуулийн амлалтаа биелүүлэх, дараагийн сонгуульд ялах гэсэн өчүүхэн зорилгоос үүдэн  Тавантолгойг гадны хөрөнгөтэйхэн компанид яаравчлан зарж, урьдчилгаа мөнгө авчихаад “ард түмэндээ” тарааж өгөх. Гэхдээ эрх баригчид маань арай ч тэгж том тэнэгтэж энэ үндэстний түүхэнд баларшгүй хар мөр үлдээх хүмүүс бишдэгээ.

Жаргалсайханы Золжаргал
Нефтийн олборлолтын инженер
Химийн инженер
Токио
2010/03/03
Нийтэлсэн: zoljargal
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 10 сэтгэгдэл байна
Уншигч 202.131.233.187 2010/03/03 #

Санал нэг байна.Золоод баярлалаа

Хариулт бичих
Л.Наранбаатар 202.179.20.250 2010/03/03 #

"Бид талх барьж чаддаггүй юмаа гэхэд ядаж гурил, дрожыг нь дэлгүүрээс худалдаж авах ажлыг өөрсдөө хийж болдоггүй юм уу? Тэгээд талх барих ажлыг нь гадныхантай хамтарч хийгээд сураад авъя. Тэд талхаа зарж ашигаа аваад л сэтгэл хангалуун нутаг буцаг, бид өөрсдөө талхны технологитойгоо үлдэнэ."....сайхан хэлжээ Золоо. Амжилт хүсье.

Хариулт бичих
уурхайчин 202.5.196.122 2010/03/05 #

Уурхайн зураг төслийг гаднын байгууллагаар хийлгэх ямар ч шаардлага байхгүй

Хариулт бичих
 
m.processing 202.5.196.97 2010/03/08 #

mongold sain bayjuulagch nar bgaa gej unen heljee tiim shuu zurag tusul bayjuulah uildwer geedl buh process ajillagaag bid uursduu hiij chadhaar bolson

Хариулт бичих
foreign relations 124.158.111.6 2010/03/09 #

Uneheer sain niitlel boljee. BI tomoohon uul uurhain company-d ajildag. Tantai sanal bodloo soliltsoj boloh uu, email:chasodorj@yahoo.com. tand bayarlalaa.

Хариулт бичих
muugii 202.70.36.45 2010/03/11 #

Saikhan tsag uyee olson niitlel baina. gehdee koksiig hiih tehnologid zaaval nuursiig nuntagladaggui. harin ch todorhoi hemjeetei buhellegtei nuurs heregledeg baihaa.100% itgeltei bish bol ingej olon niit unshij baigaa ued buruu medeelel uguh zuvuu.

Хариулт бичих
bayarlalaa 202.131.225.141 2010/03/24 #

uneheer zuv sanaag mash oilgomjtoi sain bichsen baina. manai heden gishuud unshaasaida...

Хариулт бичих
 
Boris 202.131.233.187 2010/03/25 #

Mongolchuud unuudur nuursiig olborloh chadvartai bolson sh dee Tiim bolohoor bid uursdiin hurunguten compnaniudaa demjih heregtei. Harin hurungu oruulaltiin asuudliig bol bid gadnii baiguulaguudtai hamtrah, esvel ordoo baritsaalj zeel avch bnosh dee. Yostoi bid uursduu nuursiig ne olborlood uildvert niiluuleed, uildveriinh ne processiig ne suraltsaad uldeh heregtei

Хариулт бичих
batbold 202.5.196.182 2010/04/02 #

sanal neg bna chamd bayrlalaa. bid zowhon mongoldoo bvteene hiine.

Хариулт бичих
 
bold 119.40.102.62 2011/01/27 #

Тавантолгойн орд бол Монголын өмч. Монголын өмч учраас Монголчуудын оролцоог байж болох дээд хэмжээнд хүргэх учиртай.

Хариулт бичих
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа