Мэдээний дэлгэрэнгүй
Газрын тосны эдийн засаг, Монгол Улсад үзүүлэх нөлөө
МЭ 347 онд Хятад улсад хулс модны ишийг ашиглан газрын тосны цооногт 800 футын[1]  өрөмдөлт хийсэн нь газрын тосны салбарын түүхэн дэх хамгийн анхны цооног өрөмдөлтийн ажил байлаа. Үүнээс хойш буюу 1848 онд Орос улсын эрдэмтэн Ф.Н.Семёнов Азийн нутагт нарийн яривал одоогийн Азербайжан улсын Баку хотын зүүн хойд хэсэгт орчин үеийн аргаар анхны цооногт өрөмдөлт хийжээ.Энэ үеэс эхлэн газрын тосны салбарын хөгжил эхэлсэн гэж үздэг боловч тухайн үед тосны хэрэглээ төдийлөн их биш байлаа. Улс орнуудад боловсруулах үйлдвэр хурдацтай хөгжин, шинэ технологийн дэвшилтүүд буй болж  үйлдвэржилтийн шинэ эрин эхэлсэн 20 дугаар зууны дунд үеэс эхлэн газрын тосны салбар одоогийн хөгжлийн шатанд шилжсэн юм. Ийнхүү тухайн үеэс өдийг хүртэл газрын тосны  салбар нь хурдацтай хөгжиж тус салбарт баримталж буй бодлого олон улсын, тэр дундаа улс төр, геополитикийн  шинтжэй, гадаад харилцааны гол асуудлын тоонд зүй ёсоор орох болжээ.1956 оны Суэзийн хямрал, 1973 оны Арабын тосны нийлүүлэлтэд хийсэн хориг, 1980 оны Иран-Иракийн дайн, 1990 болон 2003 оны Персийн булангийн дайн зэрэг нь газрын тос олон улсын эдийн засаг, улс төрийн харилцаанд хэр өндөр байр суурь эзлэх болсны тод илрэл юм. Хэдийгээр эдгээр үйл явдал үүсэх түүхэн шалтгааныг олон янзаар тайлбарладаг боловч эцсийн зорилго нь газрын тостой холбогдож байсан юм. ОПЕК-ын орнуудаас тосны үнэ болон үйлдвэрлэлтэд хийж буй хязгаарлалт, жил бүр  өсөн нэмэгдэж буй тосны хэрэглээ, үнийн тогтвортой бус байдал, газрын тосны геополитик зэрэг нь дэлхийн тосны зах зээл дээр шинэ боломж, шинэ чиг хандлага мөн түүнчлэн улс хоорондын гадаад харилцааны бодлогод шинэ хэв загварыг авчирлаа. Газар зүйн байрлал, түүхий тосны нөөцийн  жигд бус тархалт зэргээс шалтгаалж одоогийн байдлаар мэдэгдэж буй тосны нөөцийн 65% нь Ойрхи Дорнодын улсуудад, эсрэгээр нефтийн хэрэглээ хамгийн их Эдийн Засаг, Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн /ОЕСД/ улсуудад нийт тосны нөөцийн 8.3% оногдож байгаа ч хэрэглээний 63%-ийг эдгээр улсууд эзэлж байгаа нь үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хооронд туйлын тэнцвэргүй байдлыг үүсгэж байна.Зүүн Европ, Хойд Америкийн улсуудын тосны хэрэглээний 44 хувь нь гадаадын зах зээлээс хараат, Герман, Япон,
Франц зэрэг улсуудын хувьд хэрэглээгээ 100% гадаадын орнуудаас хангаж байгаа ба Ойрхи Дорнодын улсууд үйлдвэрлэсэн тосныхоо 80 хувийг экспортолж  байгаа нь үүний тод илрэл юм.

Дэлхийн газрын тосны нөөцийн хомсдол, газрын тосны гол нөөц бүхий Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын тогтворгүй байдал, түлш шатахууны хэрэглээний өсөлтөөс хамааран 1 баррель газрын тосны үнэ сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй өсөж 100 ам доллар давсан нь /2008 оны 7 сард 147 ам.долларт хүрч байлаа/ 1990 оны оныхтой харьцуулахад 4-5 дахин өссөн дүн юм. Иймд дэлхийн нефть импортлогч орнуудын гадаад валютын багагүй хэсэг нь түлшний зардалд зарцуулагдаж байгаагаас хэрэглээгээ бууруулах, эрчим хүчний өөр эх үүсвэрийг хайхад хүргэж байна. Энэ бүгдээс үүдэн улс орнуудын эрчим хүчний аюулгүй болон зайлшгүй байдал нь тухайн улсын эдийн засаг төдийгүй улс төрийн бодлогын шинжтэй асуудал болон хувирч үүний нөлөөгөөр газрын тосны салбарын эдийн засагт эзлэх байр суурь  нэмэгдэх болжээ. Иймд манай улс ч мөн ялгаагүй газрын тосны салбарт баримтлах урт хугацааны стратеги боловсруулж үүсэж болох эрсдэлийг хамгийн бага хэмжээнд барих нарийн тооцоо судалгааг хийж олон улсын эрчим хүчний салбарт өргөн хэрэглэгдэж буй газрын тосны салбарын  хөгжлийн стратегийг өөрийн улсын онцлогийг харгалзан буй болгож улс төрийн бодлогын түвшинд авч үзэх нэн шаардлагатай байна. Хэдийгээр манай улсын хувьд энэ тал дээр бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаа ч олон шалтгааны улмаас үр дүнд төдийлөн хүрч чадахгүй байгаа юм.

Газрын тосны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт бус байдал, хэрэглээний хэт өсөлт, ОПЕК-ийн зарим улсын эдийн засаг болон нийгмийн тогтвортой бус байдал, хөгжиж буй орнууд дахь үйлдвэржилтийн хурдац зэргээс үүдэн дэлхийн үл сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ жил ирэх тутам нэмэгдсээр байна. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлж байгаагаар манай дэлхий 2008 онд хоногт 84.7 сая баррель газрын тос хэрэглэж байжээ. Хэрэв энэ хэмжээгээр хэрэглээ нэмэгдэх аваас 2030 он гэхэд дэлхийн газрын тосны нэг өдрийн эрэлт 105 сая баррельд хүрэх тооцоо байна.Энэхүү өсөлтийн 90 хувийг хөгжиж буй орнууд эзэлж байгаа ба Хятад, Энэтхэг 2 улс дангаар нийт өсөлтийн 50% хувь ноогдож байгаа юм. Эндээс дүгнэхэд түүхий тосны хэрэглээний хурдацтай өсөлт нь үнийн хөөрөгдлийг үүсгэх нь гарцаагүй болох бөгөөд энэ нь нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ гадны зах зээлээс хэт хараат /Монгол Улс мэтийн/ импортлогч орны эдийн засагт үлэмж дарамт учруулах магадлал өндөр болж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Хэдийгээр манай улс нь газрын тосны баггүй нөөцтэй, олборлолтын ажил явагдаж байгаа хэдий ч нөөцийн тархалт харьцангуй хязгаарлагдмал /голлох олборолтын ажил Тамсагийн сав газарт төвлөрч байна/ боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй хямд үнээр экспортлон өндөр үнээр боловсруулсан бүтээгдэхүүн болгон импортоор авч байгаа нь гадаад худалдааны тэнцэл болон ДНБ-ны өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.

Олон улсын газрын тосны эдийн засагт зарим улсын нөлөө хэт өндөр болохын хирээр  зах зээлийн зохистой харьцаа алдагдаж ОПЕК-ын гишүүн орнууд болон Орос зэрэг нефтийн нөөцөөр баялаг улсууд эрчим хүчний үйлдвэрлэл болон түүхий эдийн зах зээлд голлон нөлөөлөх болжээ. Энэхүү хандлага улам даамжирч улс орнуудын хувьд газрын тос нь үйлдвэрлэлийн түүхий эд гэхээс илүү стратегийн шинжтэй бараа болж хувираад байна. Одоогоор манай дэлхий дээр нийт 70.000 гаруй газрын тосны цооногт олборлолт явуулж байгаа боловч эдгээр дундаас  хэт том гэсэн тодотголтой 20 цооногоос өдөрт дунджаар 19.2 сая баррель тос гарган авч байна. Эдгээр цооногуудаас ОХУ-ыг оролцуулаад ердөө 25-хан хувь нь ОПЕК-ын бус орнуудад харьяалагдаж байгаа бөгөөд үлдсэн 75  хувь нь ОПЕК-ын гишүүн орнуудын газар нутагт байрлаж байна. Үүнээс үүдэн газрын тос экспортлогч орнуудын хувьд эдийн засгийн бүтэц нь өрөөсгөл, өөрөөр хэлбэл тухайн улсын эдийн засгийн өсөлт хийгээд төсвийн орлого нь нефтийн бүтээгдэхүүнээс хэт хараат /ОПЕК-ын орнуудын газрын  тосноос олж буй орлого нь дунджаар засгийн газрын нийт орлогын 40 илүү хувийг эзэлж байна/ болж энэ нь хэрэглээ багасаж тосны үнэ буурсан, эсвэл орлуулах бүтээгдэхүүн бий болсон тохиолдолд эдгээр улсуудад үлэмж хэмжээний хохирол учрах юм. Эсрэгээр импортлогч орнууд тэр дундаа ОЕСД-ийн гишүүн улсуудын хувьд дээр дурьдсанчлан нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хараат байдал улам нэмэгдэж байгаа нь хэрэглээ нэмэгдэж үнэ цаашид өссөн тохиолдолд эдгээр улсын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулахаар байна.

Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн харьцааны алдагдал, олон улсын газрын тосны зах зээлийн тогтвортой бус байдлаас болж үүссэн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хязгаарлалтын шинжтэй нөлөөллийг үзүүлэх боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн 20 жилд огцом өслөө. Хүн амын өсөлт ирэх жилүүдэд 1.2%, ДНБ-ийг 5% өснө[2] гэж үзээд нефтийн бүтээгдэхүүний эрэлтийг  тооцоолж үзвэл, 2010 он гэхэд нефтийн бүтээгдэхүүний эрэлт одоогийнхоос 46.1%-иар, 2015 он гэхэд 106.2%-иар тус тус өсөх тооцоо гарч байна. /зураг-1/ Ингэснээр 2015 онд Монгол Улсын нефтийн нийт импорт нь  ДНБ-ний 11%-тай тэнцэх хэмжээнд хүрч байгаа юм.  
 
Хэдийгээр энэ тоо нь  хурдацтай хөгжиж буй азийн бусад орнуудтай харьцуулахад маш бага, жишээ нь Хятад улсын хувьд 2008 оны түүхий тосны нийт хэрэглээ 360 сая.тонн байсан нь манай улсын 2015 оны нийт хэрэглээнээс даруй 220 дахин их байгаа хэдий ч Монгол улс хүн амын суурьшил сийрэг, дэд бүтцийн хөгжил муугаас гадна нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт гадны зах зээлээс бүрэн хараат, үүний дотор ОХУ-аас нийт нефтийн бүтээгдэхүүний 88-96 хүртэлх хувийг хангаж байгаа нь манай улсын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалтай нэг талаас шууд холбогдох, нөгөө талаас Монгол Улсын газрын тосны салбарын хүрээнд шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг  болоод байна.

Манай улс нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн чухал үе дээр ирлээ. 2012 он гэхэд эдийн засгийн бодит өсөлт 10.2 хувьд хүрч цаашлаад 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ одоогийнхоос 2-2.5 дахин нэмэгдэх тооцоо байна. Эдийн засаг өсөхийн хирээр хүн амын амьжиргааны түвшин дээшилж үүнийг даган дотоодын хэрэглээ өсдөг. Энэ нь шууд утгаараа нефтийн бүтээгдэхүүний эрэлтийг ихэсгэх болно. Иймд Монголд улс урт хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэрхэн оновчтой бодлогоор найдвартай хангаж  дотоодын эдийн засагт үзүүлэх гадаад орчны нөлөөг хамгийн бага хэмжээнд барих нь манай улсын хөгжлийн бодлогын нэн тэргүүний асуудал юм. Өнөөгийн байдлаар Монгол улсад тос боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас дээр дурьдсанчлан импортоор 100 хувь хэрэгцээгээ хангаж байгаа нь эдийн засгийн хувьд ихээхэн дарамт учруулж байна. Сүүлийн жилийн статистик мэдээнээс үзэхэд тус улсын нефтийн бүтээгдэхүүний экспорт нь үнийн дүнгээр нийт импортынхоо 12.4%-тай тэнцэж байжээ. Энэ байдал хэвээр хадгалагдана гэж таамаглаад дэлхийн зах зээлд нефтийн үнэ 1% өсөхөд энэ нь ДНБ-ий өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг  тооцсон тооцоогоор  2015 он гэхэд нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 1% өсөхөд Монгол улсын ДНБ-ийн хэмжээ 0.10 хувиар буурч байна. Үүнээс дүгнэхэд Монгол улс нефть импортлогч орон хэвээр байх нөхцөлд тус улсын нефтийн бүтээгдэхүүний эрэлтийн өсөлт ДНБ-ий өсөлтийг сааруулж, төлбөрийн тэнцлийг муутгах нь дамжиггүй юм. Гэхдээ энэ бол  зөвхөн өнгөн талын асуудал. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний гадаад зах зээлээс хараат байдлыг бууруулахын тулд нэгд, нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх, хоёрт, түүхий нефтийг боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр ихээхэн чармайлт гарган ажиллах нэн шаардлагатай байна.

Нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх нь нефтийн үнийн өсөлтөөс эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулахад чухал нөлөөтэй. Учир нь дэлхийн зах зээлд үнэ өсөхөд нефтийн импорт өсөж худалдааны тэнцлийг муутгах боловч экспортлох түүхий нефтийн үнэ өсөж, экспорт бас өснө. Нефть боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх нь дотоодын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, гадаад зах зээлээс хараат байдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд зайлшгүй авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ болох болно.
Гэвч энд зайлшгүй хөндөгдөх нэг асуудал байгаа нь манай улсын газрны тосны нөөцийн хэмжээ. Дэлхийн хэмжээнд нефтийн тогтоогдсон нөөцийн хэмжээ багасах хандлагатай байгаа тул цаашид гадаад зах зээлийн үнэ эрс өсөх магадлал өндөр байна. Нөгөөтэйгүүр Монгол улсын хэмжээнд тогтоогдоод буй газрын тосны нөөцийн хэмжээ харьцангуй бага, томоохон хэмжээний нөөц шинээр тогтоогдохгүй нөхцөлд нефть боловсруулах үйлдвэр байгуулах байгуулах эдийн засгийн хувьд үр ашиггүй байж болох магадлалтай. Энэ бүхнийг харгалзан үзэж  цаашид өөрийн орны баялаг нүүрсний нөөцдөө тулгуурлан шингэрүүлсэн нүүрснээс нефть гарган авах үйлдвэр байгуулах талаар анхаарч ажиллах боломжтой. Нүүрснээс нефть гарган авах арга нь  газрын тосны үнэ 50 ам.доллараас дээш байх нөхцөлд эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжтой гэсэн мэргэжилтэнүүдийн судалгаа байдаг тул урт хугацаанд нефтийн үнийн өсөлтийг харгалзан үзэж энэ чиглэлийн үйлдвэрийг яаралтай байгуулах шаардлагатай.

Үүнээс гадна түүхий тосны үнийн тогтмол өсөлтөөс үүдэн нефтийн бүтээгдэхүүний үнэ мөн өсөж байгаа нь ирээдүйд манай улсын эдийн засагт нэн чухал, шийдвэрлэх асуудлын тоонд зүй ёсоор орж байна. Дээр хийсэн шинжилгээнээс үзэхэд нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 1 хувиар өсөхөд улсын ДНБ-ий хэмжээ 0.10 хувиар буурч байна. 2006-2008 онд нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 62.75 ам.доллараас 94.45 ам. доллар/жилийн дундаж/ болж өсөхөд улсын хэмжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний зардал нэмэгдэж, дотоодын нийлүүлэлтийг бууруулснаас дотоодын зах зээл дэх бараа үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл алдагдаж, инфляцийн өсөлтийг хурдасгасан байна. Нефтийн үнийн өсөлтөөс шалтгаалан дотоодод үйлдвэрлэж, борлуулдаг бүхий л төрлийн бараа үйлчилгээний үнэ өсөх хандлагатай байдаг бөгөөд 2005 он гэхэд 9.5 хувь байсан инфляцийн түвшин 2008 он гэхэд  24.2 хувь хүртэл өссөн байна. Монгол улс өргөн уудам газар нутагтай, төмөр замын дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй, улсын дотоодын тээвэрт авто тээвэр зонхилдог орон тул нефтийн үнийн өсөлт бараа үйлчилгээний үнэд маш хүчтэй нөлөөлдөг. Монгол улсын 21 аймгийн 10 нь нийслэл Улаанбаатар хотоос 500-аас дээш км-т алслагдсан байдаг нь ялангуяа орон нутагт хүндээр тусаж байна.
Гадаад зах зээл дэх нефтийн үнийн өсөлт нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ төвлөрсөн зах зээлд хүргэж худалдаалдаг хөдөөгийн үйлдвэрлэгчид, хэрэглээний бүтээгдэхүүнээ нийслэлээс татан авдаг хөдөөгийн хүн амд хамгийн хүндээр тусч байгаа юм. Монгол улс нь бусад хөгжиж буй орнуудын адилаар хот хөдөөгийн амьжиргааны зөрүү өндөр, хөдөөд  ядуурал харьцангуй их байдаг тул нефтийн үнийн өсөлт орон нутгийн иргэдийн амьжиргаанд ихээхэн дарамт учруулж байна.

Иймд Монгол улс эдийн засгийн өсөлтөө өндөр түвшинд хадгалах, эдийн засгийнхаа гадаад зах зээлээс хараат, эмзэг байдлыг бууруулах, ядуурлын асуудлаа шийдвэрлэх, хот хөдөөгийн ялгааг багасгах тулд нефтийн зах зээлээс хараат байдлыг ямар нэгэн байдлаар даван туулах, газрын тосны салбарын хөгжлийн стратегийг баталж шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.

Үйлдвэржилт, хөгжлийн хурдацыг даган газрын тосны хэрэглээ өсөн нэмэгдэж хэрхэн хязгаарлагдмал нөөц баялгыг хамгийн үр ашигтай, өгөөжтэй байхаар зарцуулах, ашиглах асуудал улс орны эдийн засгийн бодлогын нэн чухал үзэл баримтлал боллоо. Жилээс жилд эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсээр байна.
Нэг талаас эрчим хүчний найдвартай аюулгүй байдлаа боломжийн үнэтэй түүхий эдээр тасралтгүй хангах гэсэн эрмэлзэл нөгөө талаас нефтийн нөөцөөсөө олох эдийн засгийн ашиг болон улс төр дахь байр сууриа хамгийн их хэмжээнд хүргэх гэсэн зарчмын эрс тэс ялгаатай бодлогын зөрчлөөс үүдэн  нефть нь эдийн засаг төдийгүй улс төрийн асар том ашиг сонирхлыг илэрхийлэгч хүчин зүйлсийн нэг болжээ. Нефть  импортлогч болон экспортлогч улсуудын ашиг сонирхол харилцан   огтлолцох тэр цэгийг олж  зах зээлийг урт хугацаанд тогтвортой байлгах нь эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийн үндсэн суурь мөн боловч манай дэлхий хараахан тэрхүү цэгийг олоогүй байсаар байна.
 
[1] 1 фут= 0.3048 метр
[2]Үндсэний Статистикийн Хороо



 
Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо
Г.Мишээлт

2010/03/19
Нийтэлсэн: misheel
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 7 сэтгэгдэл байна
Tamir 116.228.15.216 2010/03/19 #

Sanaana saihan l yum gehdee yag yug iluu tusgah geed baigaagaa gargaagui yum aa Gazriin tosnii uildver barih husel eh ronii irged bolon ediin zasagt mash heregtei baigaana oiljgomjtoi yraldaand oroh gej baigaa yum shig yum bicheed tanichihsan bna hiih yum a olj ydsiin

Хариулт бичих
 
包拉尔 114.250.210.40 2010/03/22 #

yum hiij bga zaluusaa demjihgui ingeed demii yumnuud helej yarij bdg humuus urmin ug hairlaj chadahgui yum bol yadaj chimeegui bj sur. hiih yumaa olj yadsan hun chi l bn daa. ene zaluu ih sudalgaa hiij bj bichsen bn shuu dee.chamaig bodhod hiih yumaa olchihson hun bn

Хариулт бичих
包拉尔 114.250.210.40 2010/03/22 #

亲爱的,你做得好.这是不是你的毕业论文?继续努力加油

Хариулт бичих
[Эвхэх]
expert 124.158.120.99 2010/03/22 #

admin-aa ene hanzaar bichseniig yaraltai ustgaad uguuch

Хариулт бичих
  
Zochin 202.126.91.251 2010/03/23 #

Ajild chin amjilt husey l gesen utgatai yum bichjee / orchuulaw hehe /

Хариулт бичих
hi 122.201.31.227 2010/03/27 #

olon naranbaatar

Хариулт бичих
 
your love 124.158.103.25 2010/03/27 #

love you mishka

Хариулт бичих
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа