УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард “Ус” хөтөлбөрийг баталсан. Өнөөдрийн байдлаар монголчууд жилд 500 сая шоо метр ус хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шандаас ундаалдаг аж. Сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр Монгол орны усны нийт нөөц 608 000 сая шоо метр байна. Үүний 34 600 сая шоо метр нь гол, мөрөн, 500,000 сая шоо метр нь нуур, 62,900 сая шоо мөтр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр нь газрын доорх ус ажээ.
Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт буюу нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад хуваарилагдах ба тэдгээрт багтах 17 томоохон гол, мөрөн, тэдгээрийн цутгалуудыг тэжээж, ихэнх голууд нийлэн хөрш орнууд руу урсан гардаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж гадаргын усны ууршил нэмэгдсээр байгаа ажээ. Монгол орны гадаргын усны ууршилт 2020 он гэхэд 39-66 мм-ээр, 2050 онд 50-72 мм,2080 онд 106-193 мм-ээр нэмэгдэх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ. Мөн 50 метрийн зузаантай мөстөлт 2040 оны үед 100 метрийн зузаантай мөстөлт 2050-2060 оны үед хайлж дуусч болзошгүй байна. 2007 оны бүртгэлээр гадаргын усны нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 870 нь, 9340 булаг, шандаас 2096 нь, 3732 нуур, тойрмоос 1166 нь ширгэсэн дүн гарсан нь ус ашиглалт ба усны хэрэглээ харьцангуй бага боловч уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, хомсдож байгааг илэрхийлнэ.
А.Мягмар
Үнэн