Азийн цээжинд орших буурай Монгол Улс байгалийн баялагтаа түшиглэж, “Азийн бар” болон тэнгэрт дүүлэхээр завдаж байна. Эндээс дараагийн Арабын Эмират төрнө. Тоос шороондоо дарагдаад байсан монголчууд ирээдүйд долларын дэвсгэртэд хучигдах болно зэрэг утга агуулгатай нийтлэлүүдийг өрнөдийн хэвлэлүүд сүүлийн үед тасралтгүй хэвлэж, энэ талаар ам дамжин ярилцах болсон. Үүний үргэлжлэл гэмээр нийтлэл саяхан Businessweek сэтгүүлд гарчээ.
Гэхдээ бусад адил төстэй матерайлаас шинэлэг, өөр зүйл агуулсан, ондоо өнгө аястай нийтлэл байна. Монголын уул уурхайн баялаг, цаашдын хөгжлийн талаар хилийн чанадад бичсэн зарим нийтлэлээс шунал, атаархал ханхалж, өдөөн турхиралт мэдрэгддэг. Гэвч энэ удаагийн нийтлэл хөдлөшгүй тоо баримт, судалгаа шинжилгээний материал дээр тулгуурласнаараа онцлог байлаа.
“Зөв цагтаа, зөв газарт” гэсэн гарчиг нь богино авч цаанаа өргөн утга санаа, бодит хүчин зүйлүүдийг агуулжээ. Жижиг гэлтгүй аливаа бизнесийн үйл ажиллагааны ашиг олох, амжилтад хүрэх гол хүчин зүйл нь байршил, цаг мөч байдаг. Монголын асар их баялгийг нээн илрүүлснээс хойш энд ажиллах эрх, хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар батлахгүй мунгинасаар өнөөг хүрсэн. Тэнэг хүн тэхий дундуур нь гэгчээр бидний хувьд ингэсэн нь харин ч сайн зүйл болсон гэж үзэв. Хэрэв энэ гэрээг эрт баталсан бол үнэт металлын ханш ид шилдаа буух үеэр олборлох ажлыг эхлүүлэх байж. Учир нь 2008 оны сүүлчээр дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэсэн нь дэлхийн уул уурхайн салбарыг зогсонги байдалд opуулж эндээс гарах түүхий эд металлын ханшийг навс унагасан. Харин манай засаг төр сохорсон биш завшив гэгчээр харин ч сайхан цаг мөчид уурхайнуудаа ашиглалтад оруулж, гарах бүтээгдэхүүнийг нь дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар борлуулна гэж үзэж байгаа.
Бид уурхайнуудаа ашиглахгүй өнгөрсөн жил бүр хэдэн зуун сая доллар алдсан гэж зарим мэргэжилтэн үздэг. Гэхдээ хэдэн жил хүлээгээд үнэ ханшийг нь хэд дахин нугалж зарах учиртай байж. Санхүүгийн хямралын ачаар уул уурхайн түүхий эдийн ханш амсхийж, дахин сэргэхдээ тэнгэрт тулах магдалал өндөртэй. Энэ цаг мөчтэй зэрэгцээд бид эрдэнэсийн авдраа онгойлгох цаг тохиожээ. Харин манай эрх баригчид сайндаа, энэ бүгдийг тооцоолсондоо, ухаантай мэргэн түргэндээ бус эрх мэддээ булаацалдаж, тамын тогооны үлгэр үзүүлснийхээ ачаар өнөөдрийн таатай цаг мөчид хүрчээ. Энэ бол “зөв цаг мөч” гэсэн үзэл санааны утга учир.
Ингээд бидний хүсэн хүлээсэн зүйл талаар болохгүй гэдгийг дэлхийн эдийн засгийн тийрэлтэт пуужин харуулна. Тодруулж хэлбэл манай өмнөд хорш, Энэтхэг тэргүүтэй пуужингууд дэлхийн эдийн засаг хямралаас гараад зогсохгүй урд өмнөхөөсөө улам эрч хүчтэй, хурдацтай хөгжих юм. Ялангуяа манай гаригийн, олимпийн ганц найдвар болсон Хятад хүн төрөлхтнийг хямралын хар ангалаас суга татан гаргах учиртай. Тус улсын эдийн засаг, аж үйлдвэр үсрэнгүй хөгжихийн хэрээр эрэлт хэрэгцээ нь огцом нэмэгдэх юм. Эрчим хүч, уул уурхайн түүхий эдээр хооллодог ёроолгүй ходоодтой энэ мангасын аман дээр бид оршдог байх юм. Харин энэ бол “зөв газраа” гэсэн үгний учир.
Гадаадын мэргэжилтнүүдийн тооцоолсноор манай эдийн засгийн өсөлт энэ онд найм, 2020 онд гэхэд 20 хувьд хүрэх гэнэ. Энэ үзүүлэлтэд гадаадын шууд хөрөнгө оруулалт шууд нөлөөлнө. Засгийн газрын тооцоолсноор ойрын таван жилийн хугацаанд 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайн салбарт авах юм.
Монголд цутгах гадаадын хөрөнгө оруулалт санхүүгийн хямралыг үл харгалзан тасралтгүй урсаж, зогсолтгүй нэмэгдсээр иржээ. Өнгөрсөн 2007 онд 500 сая ам.доллар манайд орсон бол, 2008 онд 683 сая, 2009 онд 801 сая харин энэ оны шууд хөрөнгө оруулалт тэрбум ам.доллар давна гэж үзжээ.
Баялаг нөөцөөрөө тэргүүлэгч арван ордоос 1.3 их наяд долларын ашиг орж ирэх нь дотоодын эдийн засгийг суга татан дээшлүүлэх учиртай. Манай эдийн засагт эргэлдэх таван тэрбум ам.доллар ойрын таван жилийн дотор 12 дахин үржиж, 2025 он гэхэд 60 тэрбумд хүрэх гэнэ.
Бидний үйлдвэрлэх гол бүтээгдэхүүний хэрэглэгч ямар ч асуудалгүй амаа ангайн хүлээж байна. Бид төсвийн 80 гаруй хувийг экспортын бүтээгдэхүүнээс, тэр дундаа уул уурхайн түүхий эдээс олно гэж тооцоолсон. Харин энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь өмнөд хөрш байх тул харилцан ашигтай түншлэх өргөн боломжтой. Хятадын хувьд ч зөв цагтаа, зөв газар зогсож байсан азтай хэрэглэгч гэдэг нь тодорхой юм.
Монголчуудад уул уурхайн асар их нөөцтэй хоёр толгойн орд газраас гадна дэлхий нийтийн анхаарлыг татсан бусад олон ордыг бурхан заяасан нь бидэнд нэг зүйлийг бодогдуулахгүй байна гэж үү.
Биднээс үл хамааран Монгол Улс олон улсын түүхий эдийн зах зээлийн хамгийн хүчтэй тоглогч болон хувирчээ. Бид хөрсөн доорх баялгийнхаа ачаар дэлхийн ирээдүйд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн байна. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг батлахад Монголын төдийгүй олон улсын биржүүдийн гол индексүүд дээшилж, Ivanhoe, Rio Tinto зэрэг компанийн хувьцааны ханш нэмэгдэж байлаа.
Ж.Даш
Өдрийн шуудан