Мэдээний дэлгэрэнгүй
Тавантолгой монголчуудад юу өгөх вэ
Энэ асуултын хариуг монголчууд тэсэж ядан хүлээж байгаа билээ. Тавантолгойн нүүрс “ачсан” галт тэрэг Оросын Алс Дорнодоор дамжин Ванино, Владивосток далайн боомтыг чиглэн хэдийнэ хөдлөөд байна. Хүнд аж үйлдвэр хөгжсөн Япон, БНСУ-ын зах зээл тэнд хүлээж буй. Намрын чуулган гэхэд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгож, техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан байх үүргийг хамтарсан Засгийн газарт УИХ өгөөд байгаа.

Урьдчилсан байдлаар төслийн тооцоогоо хийжээ. Эрч хүч, эв нэгдэлтэй ажиллаж буй хамтарсан Засгийн газар, түүний тэргүүн С.Батболдыг магтахаас илүү монголчуудын олж болох ашгийг хэрхэн тооцож байгааг харуулах нь хүмүүст сонирхолтой хийгээд хүртээмжтэй байх биз ээ.

Төслийн үр ашиг, эдийн засгийн тооцоогоор “Тавантолгой” төсөл 2012-2041 онд 15.1 тэрбум долларын ашиглалтын зардалтай, 41.6 тэрбум долларын тээвэрлэх зардалтай ажиллах нь. Эндээс улсын төсөвт 18.8 тэрбум долларыг татвар, төлбөр, хураамжаар төвлөрүүлэх тооцоо гарчээ. Коксжсон нүүрсний борлуулалтын орлогоос 96.5 тэрбум доллар манай Засгийн газрын халаасанд орох юм. Монгол Улсын иргэн бүр, үндэсний аж ахуйн нэгж болгон Тавантолгойн ордын хувьцааны 10 хувиас эзэмших эрхтэй. Төрийн өмчит “Эрдэнэс MGL” ХХК-ийн боловсруулсан төслийн “Эдийн засгийн тооцоо” хувилбараар хуваарилагдах ногдол ашиг 16 тэрбум гаруй долларын 10 хувийг монголчуудад жигд хувааж хишиг хүртээнэ гэж ойлгож болно.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Одоо энэ их бүтээн байгуулалтын ажилд монголчууд бид өөрсдийгөө бэлдэх л үлдээд байна. Харийнхан олноор орж ирнэ гэж эх оронч болон жүжиглэж, цээжээ дэлдэхээс илүү бэлэн байгаа Мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн  төв, шаардлагатай мэргэжлийн чиглэлээр монгол залуус минь явж сурцгаа хэмээн дашрамд уриалмаар байгаа юм. Учир нь та бидний хүч, хөдөлмөр тэнд ямар хэрэгтэй байгааг одоо өгүүлье.

30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий уурхай байгуулахаар төлөвлөж байна. 1200 ажлын байр тэнд гарна. 25 сая тонн нүүрс угааж баяжуулах үйлдвэр байгуулахад мэргэжилтэй 700 ажилчин хэрэгтэй. Мэдээж уурхайг дагаад хот байгуулалт түүнийг дагасан үйлдвэр, үйлчилгээний салбарууд бий болно. 15 мянган айлын орон сууц барих сураг байна билээ. Энэ бүтээн байгуулалтад мэргэжлийн 2100 барилгачин хэрэгтэй аж. 150 гаруй төрлийн үйлчилгээний газар байхаар хот төлөвлөлтийг төсөөлж буй. Ингэхэд дор хаяж 1500 хүн энэ салбарт ажиллах бололцоотой. 45 мянгаас дээш хүн амтай шинэ хотын хүн амыг хангах хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, урлаг, соёл, хэвлэл мэдээллийн салбарын орон тоонд нийтдээ 850 хүн ажиллах судалгаа гарсан байна. Шатах тослох материал, техникийн ханган нийлүүлэлт зэрэг 215 төрлийн ханган нийлүүлэх байгууллагад 1800, хүнс ханган нийлүүлэх 50 байгууллагад 750, банк, санхүүгийн 12 нэгжид 200, боловсрол, эрүүл мэнд, байгаль хамгааллын салбарт 2050, жижиг, дунд үйлдвэрт 950, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх 100 фермерт 1200 ажлын байр гарахаар байна. Харин төрийн үйлчилгээ цомхон байх бололтой. Нийт, 21940 ажлын байранд ердөө 175 хүн хүрч ажиллана гэхээр цомхон шуурхай бүтэц ажиллаж мэдэх нь.

“Тавантолгой” төсөл 14 тэрбум долларын хөрөнгө оруулаптаар босож, ДНБ-ий хэмжээг 41 тэрбум долларт хүргэх тооцоотой, 76 мянган ажлын байр бий болгох Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, энэ оноос барьж эхлэх 1770 км төмөр замын төсөл, говийн дэд бүтцийн төсөлтэй шууд холбоотой юм.

Аж үйлдвэрийн паркад кокс химийн үйлдвэр барьснаар бүтээгдэхүүний 72 хувь кокс, дөрвөн хувь нь хүхэр, зургаан хувь нь давирхай, 18 хувь нь коксын хий байх юм. Үйлдвэрээс гарах коксын хийгээр 40-50 мвт-ын цахилгаан станцыг хангах бололцоотой гэдэг юм билээ. Жилд 300 мянган тонн зэс үйлдвэрлэх зэс хайлуулах үйлдвэр, хоёр сая тонн ган, арматур, гөлмөн төмөр, төмөр замын рельс үйлдвэрлэх ган төмөрлөгийн үйлдвэр Тавантолгойн ордыг түшиглэж байгуулна. Зэс хайлуулах үйлдвэрийг дагаж түүний бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулах тооцоо, судалгаа энэ төсөлд ороогүй юм билээ. “Тавантолгой” төсөл хэрэгжсэнээр монголчуудад юу өгөхийг ийн цухас өгүүллээ. Эдгээр нь урьдчилан боловсруулсан тооцоо, судалгаа бөгөөд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх явцад хамгийн сайн хувилбарыг сонгож таарна. Тэгэхээр энд дурдагдсан тооцооллууд хэд дахин нэмэгдэх магадлал бий гэсэн үг.

Монгол Улсыг хөгжлийн цоо шинэ шатанд гаргаж ирэх, биднийг “Азийн чоно” ч болгож мэдэх энэ их бүтээн байгуулалтын ажлыг одоо бодит нөхцөл pyy нь шахах хэрэгтэй болж байгаа юм. Энэ талаар С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар чармайн ажиллаж байна. Намрын чуулганд хөрөнгө оруулалтын гэрээний төслийг оруулж ирнэ. Тэгэхэд УИХ-ын гишүүд, МАХН, АН-ынхан улс төр ярихгүйгээр, урагшлах замаа харж асуудлыг шийдээд өгчих хэрэгтэй юм. Монгол Улс үсэрч хөгжих үү, ухарч доройтох уу гэдэг асуудал одоо Парламентын шийдвэрлэх хэрэг болж үлдэв. Тавантолгой монголчуудад их юм өгнө өө. Дахиад тавин толгойн үүц бий гэж бодохоор сайхан санагдаж байна.

Го.Энхтөр
Өнөөдөр
 
2010/07/30
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
15 цаг 25 минутын
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал, доктор ...
16 цаг 25 минутын
Олон улсын Хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргаж буй гадаад дотоодын олон компани Монголын уул уу...
17 цаг 6 минутын
- Уушгины тоосжилт өвчинд нэрвэгдсэн уул уурхайн салбарынхны дундаж наслалт 52 болжээ
18 цаг 25 минутын
АНУ-ын орон сууцны эрэлт нэмэгдсэн нь зах зээл дээрх зэсийн ханшийг 7600 ам.доллар хүргэлээ хэмээн "...
19 цаг 25 минутын
Уул уурхайн саябарт хөрөнгө оруулагчдын "Discover Mongolia" олон улсын чуулга уулзалт ирэх лхагв...
2010/09/03
БНХАУ-ын эрх баригчид Оросын талд зургаан тэрбум долларын зээл өгч, оронд нь нүүрс авахаар болжээ. Э...
2010/09/03
Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах эсэх талаар хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Ордыг ашигласнаар...
2010/09/03
Чилийн уурхайн гүнд хашигдан гарч чадахгүй байгаа уурхайчдад анх удаа халуун хоол хүнс хүргүүлсэн ба...
2010/09/03
Салхины эчим хүчний салбарт ажилладаг Клинтек ХХК нь БНХАУ-д эрчим хүч экспортлохоор болжээ. Энэ нь ...
2010/09/03
Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага ТББ Австралийн Квийнсландын Их сургу...
Rss
Хамтын ажиллагаа