Мөнгөн усыг латинаар “hydrargyrum” гэдэг. Энэ нь шингэн мөнгө гэсэн утгатай. Мөнгөн ус нь (Hg) уснаас 13.5 дахин хүнд шингэн металл бөгөөд хайлах температур нь хасах 38.830C байдаг. Иймээс маш урсамтгай, ууршимтгай, шингэмтгий учир хөрс шороо, мод, өвс ургамал, төмөр зэрэгт шингэн эргээд ууршдаг. Ийм онцлог шинж чанартай тул судалгаа шинжилгээний бодит үр дүн гаргахад нэлээд төвөгтэй, хөрөнгө мөнгө их шаарддаг.
Манай орны хувьд мөнгөн усыг алт олборлогчид өргөн хэрэглэдэг. Үүнээс гадна энгийн хүмүүс ч алхам тутамдаа хэрэглэдэг. Термометр, батарей, өдрийн гэрэл, шүдний ломбоны материалд мөнгөн ус ордог.
1956 онд Японы Кюшү аралд олон мянган иргэд мөнгөн усанд хордож амь насаа алдаж байжээ. Уг хордлогыг “Минамата өвчин” гэж нэрлэж байж. Тус хотын химийн үйлдвэр хаягдлаа далайд хаядаг байснаас тэнд амьдардаг, далайгаас хоол хүнсээ залгуулдаг олон мянган япон иргэд мөнгөн усаар хордож амь насаа алджээ. Минамата өвчин нь Метилийн мөнгөн уснаас үүдэлтэй, хордлого нь төв мэдрэлийн системийг эмгэгшүүлэн улмаар генийг гэмтээн удамшин дамжидаг юм байна.
Мөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжих зэргээр хүн, мал амьтны биед нэвтрэн орж төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр хүнийг удаан хугацааны турш аюултайгаар хордуулдаг аж.
Мөнгөн ус нь дан болон нэлээд хэдэн нэгдэл байдлаар оршдог. Тэдгээрийн хордуулах тун, хордлогын механизм өөр өөр байдаг. Жишээ нь дан мөнгөн ус нь арьс болон ходоод гэдэсний ханаар нэвчих чадвар нь харьцангуй муу. Тиймээс ч санаандгүй байдлаар залгисан шингэн мөнгөн ус (халууны шилэн дэх) тэр даруй хордуулдаггүй байна. Энэ байдал нь мөнгөн ус хоргүй гэх төөрөгдөлд хүргэдэг байж болох юм. Харин удаан хугацааны дараа нөхөж болшгүй гарз, хор хөнөөл учруулна. Ялангуяа мөнгөн усны уур, түүнийг халаах явцад үүссэн исэл хэмээх нэгдэл нь арьсаар нэвчих болон хордуулах чадвар нь хэд дахин илүү байдаг.
Мөнгөн усаар хордсон үед ханиалгах, хоолой хорсох, амьс¬¬гал боогдох, давчдах, бөөлжих, төв мэдрэлийн системийн зүгээс толгой өвдөх, бие сулрах, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илэрнэ. Хэд хоногийн дараа мөнгөн ус бүх биеэр тархсаны улмаас дээрх шинжүүд давтагдахаас гадна шүлс ихээр ялгарах онцлог шинж нэмэгддэг. Цаашилбал бөөр болон тархины эд эсүүд ихээр хордож гэмтдэг байна.
Ууршсан мөнгөн усаар их хэмжээгээр амьсгалж хордох үед хэдхэн цагийн дотор цээж хөндүүрлэн, хуурай ханиалган халуурч, дагжин чичирч, толгой өвддөг. Ийнхүү биеийн байдал эрс муудсаар амьсгалын дутагдалд орж үхэлд хүргэх аюултай. Амьсгалаар хордох нь хүн, мал амьтан түүний мэдрэмтгий чанар биеийн жинтэй шууд холбоотой тул нялх болон өсвөр насны хүн, амьтанд илүү аюултай.
Мөнгөн усаар удаан хугацаанд юм уу, эсвэл ойр ойрхон их бага хэмжээгээр өртөөд байвал хорт бодис биед хуримтлагдан, эд эрхтэнг гэмтээнэ. Шинж тэмдгүүд нь чичрэх, тайван бус байдал, сэтгэл зовнил ихсэх, сэтгэлийн хөдлөлөө барих чадваргүй болох, юм мартах, нойргүйдэх, хэт мэдрэмтгий болох, ядрах зэрэг мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт гарч, бөөрний ажиллагаа муудаж буй шинжүүд илэрнэ. Олон улсын стандартаар нэг метр куб агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.05-0.1 мг юм. Хэрэв 10 мг-аас дээш байвал арьсаар эрчимтэй нэвтрэн орно. Энэ тохиолдолд бие ихээр загатнах, хэвийн бус улайлт өгөх, гар, хамар, хөлийн улны арьс зулгаран хуулрах шинж тэмдэгүүд илэрдэг байна.
Манай оронд анх 1913 онд Сэлэнгэ аймгийн Бороо голын сав газарт "Монголор" нэртэй нийгэмлэг алт олборлож эхэлсэн бөгөөд тэд үүндээ мөнгөн ус хэрэглэдэг байв. Гэтэл 1956 онд үйлдвэрийн алт баяжуулах тогоо хагарч их хэмжээний мөнгөн ус Бороо голд асгарсан түүхтэй. Өдгөө Бороо голын ёроолын хөрсөнд Бороогийн алтны үйлдвэрээс асгарсан 2-3 тонн мөнгөн ус байна. Бороо голын сав газрын хөрсөнд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 5-20 дахин өндөр байгааг ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын судалгааны багийнхан тогтоосон ажээ.
"Геологи Уул Уурхайн Мэдээ" сонин