Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болон тус салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг “DISCOVER MONGOLIA” Олон улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулгчдын чуулга уулзалт удахгүй эхлэх гэж байна.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, “Майн инфо”, “Монруд” ХХК-иас найм дахь жилдээ улаижлал болон зохион байгуулж буй уг арга хэмжээ ирэх сарын 8,9-ний өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болно.
Чуулга уулзалтын бэлтгэл ажлын явцын талаар чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны менежер П.Энхжингээс тодрууллаа.
-Чуулга уулзалтын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна?-Чуулга уулзалтын бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Чуулга уулзалт өмнөх жилүүдийнхтэй адилаар Уул уурхайн бага хурал, “Засгийн газрын цаг” уулзалт, Үзэсгэлэн, Уурхайтай танилцах аялал гэсэн үндсэн арга хэмжээнээс бүрдэж байгаагаас гадна энэ жилийн чуулга уулзалтад “Парламентын цаг” гэсэн шинэ арга хэмжээ нэмэгдсэн байгаа.
-Энэхүү шинэ арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулаач?-Чуулга уулзалтын үеэр төрийн байгууллагын төлөөлөл хийгээд хөрөнгө оруулагчид нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцдог “Засгийн газрын цаг” уулзалтыг илүү боловсронгуй хэлбэрт оруулж, ач холбогдлыг нь нэмэгдүүлэх үүднээс дээрх арга хэмжээнээс бүрдэж байгаагаас гадна энэ жилийн чуулга уулзалтад “Парламентын цаг” гэсэн шинэ арга хэмжээ нэмэгдсэн байгаа.
“Парламентын цаг”-аар УИХ-ын нэр бүхий гишүүд урилгаар оролцож, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хөрөнгө оруулагчидтай санал бодлоо солилцоно. Өөрөөр хэлбэл, чуулга уулзалтын гол арга хэмжээний нэг нь “Парламентын цаг” байна гэж ойлгож болно.
Харин “Засгийн газрын цаг” уулзалтаар холбогдох яам, агентлагийн сайд дарга, албан тушаалтнууд Монголын эрдэс баялгийн салбар дахь Засгийн газрын байр суурийг оролцогчдод танилцуулах юм.
-Бага хурлаар ямар илтгэлүүд тавигдах вэ?-Бид Бага хуралд тавигдах илтгэлүүдийн агуулга, чанарт ихэд анхаарч байгаа. Өмнөх жилүүдэд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилготой арилжааны чиглэлийн илтгэлүүд тавигддаг байсныг цөөлсөн. Энэ жилийн Бага хурал Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, Хайгуул олборлолтын шинэ төслүүд, Эрдэс түүхий эдийн зах зээлийн төлөв байдал, Орон нутгийн харилцаа ба тогтвортой хөгжил гэх мэт багц сэдвүүдийн хүрээнд явагдана. Дээрх сэдвүүдийн хүрээнд сонирхолтой олон илтгэл тавигдах юм. Тухайлбал, “Prices water house Coopers” байгууллагын төлөөлөгч Тим Гоулдсмит “Олон улсын уул уурхайн салбарын төлөв байдал, чиг хандлага”, МУИС-ийн профеccop Н.Болор “Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин”, “Эрдэнэ Монгол” ХХК “Молибдений зах зээлийн тойм”, Хүний нөөцийн хөгжлийн академи “Уул уурхайн салбар дахь хүний нөөцийн хөгжил” гэх мэт. Үүний зэрэгцээ Чуулга уулзалтыг ивээн тэтгэгчдийн өөрсдийн хэрэгжүүлж буй геологи, уул уурхайн төслүүдийг танилцуулсан илтгэлүүд ч тавигдана.
Энэ жилийн Үзэсгэлэнгийн танхимд хэрэгжүүлж буй уул уурхайн төслөө танилцуулах, шинэ дэвшилтэт техник технологио сурталчлах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд өмнөх жилүүдийнхээс олон тоотойгоор оролцож байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн чуулга уулзалтад 70 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож байсан бол энэ жил 90 байгууллага аж ауйн нэгж өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, техник технологио хөрөнгө оруулагч, оролцогчдод сурталчилна.
-“DISCOVER MONGOLIA 2010” чуулга уулзалтын онцлог нь юу вэ?-Чуулга уулзалтын гол гол онцлогуудыг дээр дурдсан. Үүний зэрэгцээ арга хэмжээнд маань олон улсын нэр хүндтэй байгууллагын зочид төлөөлөгчид урилгаар оролцож буйг дуулгахад таатай байна. Тухайлбал, “Веhrе Dolbear Group”-ийн ерөнхийлөгч, ноён Бернард Гуарнера, “Prices-waterhouse Coopers” байгууллагын төлөөлөгч Тим Гоулдсмит нар урилгаар оролцож илтгэл тавина.
Түүнчлэн Чуулга уулзалтын хуралдааныг ивээн тэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид даргалах юм. Энэ нь уг чуулга уулзалтыг илүү мэргэжлийн чиг хандлагатай болгохын зэрэгцээ салбарын “гал тогоо”-ын асуудлаа хэлэлцэхэд дөхөм болгоно. Учир нь хуралдааныг даргалагчид тухайн салбартаа олон жил ажилласан, арвин туршлагатай, хэлэлцэж буй асуудлын талаар өргөн мэдлэгтэй хүмүүс байна.
Нөгөөтэйгүүр, “DISCOVER MONGOLIA” нь цэвэр мэргэжлийн, нэг салбараар дагнасан олон улсын чуулга уулзалтын нэг, Монголын уул уурхайг дэлхийн төвшинд танилцуулж байгаа цорын ганц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ арга хэмжээнд дотоодын аж ахуйн нэгжүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Уг чуулга уулзалт та бүхний өмнө тулгамдаж буй хөрөнгө, санхүүгийн бэрхшээлтэй асуудлыг шийдэх, гадаадын хөрөнгө оруулагчидтай түншлэх, тэдэнтэй хамтарч ажиллахад туслах гүүр болох юм.
-Чуулга уулзалтыг ивээн тэтгэгчдийг танилцуулна уу?-Энэ жилийн чуулга уулзалтыг ивээн тэтгэгчдийн тоо өргөжсөнийг дуулгахдаа таатай байна. Энэ нь “DISCOVER MONGOLIA” чуулга уулзалт дэлхийн уул уурхайнхны анхаарлын төвд байж, тэдний талархлыг хүлээсэн арга хэмжээ болсныг илтгэж байгаа болов уу.
Чуулга уулзалтын Ерөнхий ивээн тэтгэгч нь “South Gobi Resources Ltd” компани юм. Тус компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Овоотын нүүрсний ордод олборлолт явуулж байгаа. Дашрамд дурдахад Уурхайтай танилцах аяллаар хөрөнгө оруулагчдыг энэ төслийн үйл ажиллагаатай танилцуулна.
Чуулга уулзалтын “Алтан” өргөмжлөлт ивээн тэтгэгчээр “Геосан”, “Micromine Mongolia”, “Hunnu Coal Resources”, “Prophecy Resources”, “Erdene Resources Development” компаниуд, Ивээн тэтгэгчээр “Aspire Mining”, “Price-waterhouse Coopers”, “Runge Limited”, “MonEnCo”, “Energy Resources”, “Monnis Liebherr”, компаниуд болон Худалдаа хөгжлийн банк байх юм.
Чуулга уулзалтын үеэр зохиогдох хүлээн авалтыг “Major Drilling Mongolia” ХХК, Голомт банк тус тус ивээн тэтгэнэ. Түүнчлэн “Mera”, “Mongolian Star Melchers” ХХК-иуд ивээн тэтгэгч түншээр ажиллана.
Энэ жилийн банкны түншээр “Хаан” банк, мэдээллийн технологийн түншээр “Мобиком”, хэвлэл мэдээллийн түншээр “Asia Miner”, “Mining.mn” оролцох юм.
-Чуулга уулзалтад оролцохыг хүсэгчид хэрхэн бүртгүүлэх боломжтой бол?- Чуулга уулзалтад оролцохыг хүсэгчид www.discovermongoliaforum.com веб хуудсанд хандаж онлайн бүртгэл хийлгэх, ЗБхорооны байран дээр би¬ечлэн ирж бүртгүүлж болно. Мөн ирэх сарын 7-ны 2 цагаас Монголын Хүүхдийн ордонд ирж бүртгүүлж болно.
Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээр дурдсан веб хуудас болон 314877, 99020607 дугаарын утаснаас авч болно.
Б.Батбилэг
Өдрийн сонин