Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн олборлолтын байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, мөн нөхөн сэргээлтийн талаар хурал зохион байгуулав. Дэлхийн байгаль хамгаалах сангаас олон улсын “Дэ Нэйче Консерванси” байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар манай улсын ойт болон хээрийн бүс нутгийн 30 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас өөрчлөгдөж эхэлсэн байна. Эдгээр хүндрэлээс байгаль орчныг хамгаалахын тулд экологийн тэнцвэр хадгалах чухал газруудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос аль болох зайлсхийх нь эхний алхам аж. Экологийн чухал ач холбогдолтой газруудын мэдээллийг зохих шатны төрийн байгууллагын шийдвэрээр баталгаажуулан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох явцад хяналт тавих бололцоотой гэнэ.
Дараагийн асуудал нь нөхөн сэргээх юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаас нөхөн сэргээлтийг шаардлагатай түвшинд хүртэл нь хийхийг шаардах ёстой аж. Гэхдээ яаж ч нөхөн сэргээлээ гээд хуучин төрхөнд нь аваачих боломжгүй. Иймээс уул уурхайн нөлөөллийг бүрэн арилгахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуул олборлолт хийсэн газартай тэнцэх хэмжээний өөр ижил төстэй газар нутгийг хамгаалах аргыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн.
Энэ нь уул уурхайг байгаль орчинд нөлөө багатай хөгжүүлэх эцсийн арга гэж болох аж.
Ч.Сувдаа
Нийгмийн толь
2010/08/25