Уул уурхайн баялгаараа дэлхийд дээгүүрт давхиж буй Монгол улс яг энэ сэдвээр дотооддоо томоохон дажинтай яваа. Уул уурхай гэж дуугардаггүй улстөрч, эдийн засагч байхгүйгээс гадна, яг хэн нь зөв ярьж буйг ч ард түмэн ойлгохоо больжээ. Ийм цаг уед уул уурхайн салбарын хамгийн том нэгдэл болох Уул уурхайн ассоциаци ямар байр суурьтай явдаг бол. Цаашид эх орны хөгжлийн хэтийн төлвийг хэрхэн харж байна гэдэг асуудлаар тус ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбатай уулзсан юм.
-Уул уурхайн салбар өнөөдөр яг ямар түүхэн цаг үеийн босгон дээр байна вэ. Хөгжлийн голдрилдоо бүрэн орчихсон гэж үнэлж болох уу, эсвэл үүнд хугацаа шаардлагатай юу?-Өнөөгийн байдлаар уул уурхайн салбар нэг талдаа их хүнд байна. Сайн сайхан зүйл харагдахгүй байна. Оюутолгойн гэрээ, Тавантолгойн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн гэж байгаа ч түүний хажуугаар болохгүй асуудлууд их байгаа. Сүүлийн үед төр засгаас гарч байгаа шийдвэрүүд, хууль эрхзүйн актууд уул уурхайн салбарыг дэмжих биш, боомилох, түүний үйл ажиллагаанд саад учруулах алхам болж байна.
-Уул уурхайн салбараас ураны олборлолт, экспорт олны анхааралд байна. Цөмийн энергийн салбарт нөөцтэй орны тоонд багтдаг монголчууд хоорондоо хөлөө жийлцээд байх шиг харагдах юм. Энэ зөв харилцаа мөн үү?-Тэр үнээн. Өнгөрсөн онд зөндөө яригдсан хэд хэдэн хууль байгаа. Цөмийн энергийн тухай хууль гэхэд дахин шинэчлэх шаардлагатай, тодорхойгүй, маргаантай зүйл ихтэй болсон. Тэр үүднээс одоо ч гэсэн Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани Цөмийн энергийн газрыг шүүхэд өгчихсөн. Анхан шатны шүүхээр тэднийх заргаа авчихсан байгаа. Энэ мэт чинь тэр хууль болохгүй байгаагийн илрэл шүү дээ. Ийм хуулийг хэрэгжүүлж байгаа субьектүүд нь болохгүй байна. Энэ утгаараа Цөмийн энергийн газраас явуулж байгаа үйл ажиллагаа нь олон зүйл дээрээс харагдаж байна л даа. Лицензийг хууль бусаар цуцлах, өөр хүнд шилжүүлэх гээд янз янзын юм л дуулдах юм. Тэр нь хууль сул болсон, хуулийн цоорхой гарсны шинж. Ашигт малтмалын хуулиар зохицуулагддаг байсан асуудлыг шинэ хууль гаргаад өөр агентлагт шилжүүлчихээр тэр процесст нь маш их зөрчил болдог. Дараа нь түүнийгээ залруулах гэж бөөн ажил гардаг. Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай хууль аль аль нь өнөөг хүртэл хэрэгжиж байгаа.
Тэгэхээр аль хуулийг нь дагах нь тодорхойгүй байгаа юм. Гэтэл нэг компани ураны зөршөөрөл авлаа гэж бодоход зөвшөөрөл авсан газраасаа нэг талбай авч хайгуул хийж байтал алт ч юм уу, зэс гараад ирвэл яах вэ. Энэ хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг асуудал гарч ирэх болно. Цөмийн энергийн газар лав тэрийг хариуцахгүй байх. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ, лицензийг нь өөрчилж Ашигт малтмалын харьяа болох юм уу гэдэг нь, тодорхойгүй байгаа юм. Нэг асуудал хоёр өөр хууль, агентлагт харьяалагддаг байх жишээтэй. Энэ мэтээр давхцалтай олон зүйл байгаа.
Хоёрдугаарт, ой усны сан газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гэсэн урт нэртэй хууль мөн адил тодорхойгүй, батлагдаад хоёр жил шахуу хугацаа өнгөрч байгаа ч хэрэгжихгүй байгаа. Тэр хуулиас шалтгаалж маш олон компанийн үйл ажиллагааг зогсооно гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар тэдгээр компаниуд ажлаа хийсээр байгаа. Байгаль орчин талаасаа үзэхээр ажиллах ёсгүй гэх ч хуулийн талаасаа үзэхээр Засгийн газраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоогоод, лицензийг цуцална. Тэгээд нөхөн олговор олгоно гэж заасан байдаг. Гэтэл тэр нөхөн төлбөрийг хаанаас олгох, тусгай зөвшөөрлийг нь ямар үндэслэлээр цуцлах вэ гээд олон учир байна л даа. Сайн судлахгүй бол цаана нь хүмүүсийн амьдралын асуудлаас эхлээд улс орны эдийн засгийн байдал гээд маш олон сөрөг нөлөө учирна. Түүнээс гадна нөгөө газарт нь “нинжа” нар орж газрыг нь эвдэн сүйтгэж, ойр орчмынх нь ой модыг түлж шатаан, байгальд хүртэл сөрөг нөлөө нь мэдрэгдэнэ шүү дээ.
-Салбарын хөгжилд төрийн бодлогоос гадна тэнд ажиллагсдын эх орноо гэх чин сэтгэл чухал байх шиг байна. Энэ талаар?-Энэ уг нь гарцаагүй үнэн. Гэвч үүнд мөн л чөдөр байна. Тухайлбал, саяхан Гаалийн ерөнхий газрын даргын нэг тушаал гарсан. Энэ тушаал нь уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, нэмэгдүүлэх гэсэн Засгийн газрын баримталж байгаа бодлогын эсрэг үйлдэл болж байгаа юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог компаниудыг үйл ажиллагаагаа зогсооход хүргэж байна. Учир нь нэг тонн нүүрс гадагш гаргахад мянган төгрөг хураана. Ингээд бодоход 100 тонн нүүрс гаргахад зөвхөн гаалийн татварт 100 мянган төгрөг төлөх жишээтэй. Ингэхээр уул уурхайн компаниудад ямар ашиг байх вэ.
Тэгээд дээр нь нөөц ашигласны татвар, өөр элдэв татвар нэмэгдээд маш их татаастай болчихож байгаа юм. Өнөөдөр л гэхэд над руу жоншны компаниудын төлөөлөл “болохоо болилоо” гээд ярьж байна. Нэг вагон жонш 60 тонн гэж үзэхэд тонн тутмаас 1500 төгрөг гаалийн татвар гэж хурааж байна. Тэгээд жонш гаргах ямар ч боломжгүй болж байна. Миний хувьд үүнййг Гаалийн ерөнхий газар эдийн засгийн аргаар хориглож байгаа арга гэж ойлгож байгаа. Энэ мэтчилэнгээр нэг ярихдаа уул уурхайн салбарынхныг дэмжинэ, энэ салбарын экспортыг нэмэгдүүлнэ гэчихээд араар нь элдэв хаалт боолт хийгээд байх юм. Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллах хүнд болж, ер нь больцгооё хэмээн хүмүүс ярих болсон. Тэр сайхан техник, олон мянган мэргэжилтэн, ажиллагсад юу хийх вэ гэдэг нь бүрхэг болж байна шүү дээ.
-Уул уурхайн мэргэжил нэг үеэ бодвол моодонд орлоо. Үүнййг дагаад уул уурхайн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд ч олон болсон. Гэтэл шаардлагатай мэргэжилтэн өнөөг хүртэл хэрэгтэй хэвээр байгаагийн учир юу вэ?-Өнгөрсөн зун Засгийн газраас нэг шийдвэр гаргасан. Энэ нь бидэнд таатай шийдвэр болсон. Төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртлыг арилгаж, давхардсан олон хууль, тогтоомжуудыг цөөлөх шийдвэр гаргасан. Үүнийг маш олон жил ярьсан. Одоогийн Ерөнхийлөгч маань Ерөнхий сайд байхдаа үүнййг цэгцэлье гээд баахан хууль тогтоомж урж хаясан. Үүнййг тухайн үедээ бизнесийн салбарынхан маш их дэмжиж байсан боловч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Энэ нь цаас урж хаяад шийдэгдэх асуудал биш, бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг нь өөрчилж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлгээг шаардлагатай байсан гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулсан.
Тэгэхээр одоо үүнийг шийдэхийн тулд Засгийн газар нэлээн дорвитой үйл ажиллагаа хийх нь чухал байгаа. Одоогоор ажлын хэсэг байгуулчихсан, салбар, салбараар нь тодорхой хэмжээний судалгаа явуулж байгаа. Миний хувьд Засгийн газрын ажлын хэсэгт нь орсон. Яг өнөөдрийн байдлаар ажлын хэсэг нь хуралдаж, дорвитой алхам хийгээгүй байна. Ер нь миний түрүүчийн хэлснээр улсынхаа эдийн засгийн чадамжийг сайжруулахад гох дэгээ болсон олон хууль, тогтоомжийг цөөлөх шаардлагатай байгаа юм.
-Уул уурхайн салбарт гарч байгаа хамгийн том хүн суртал, ажлын садаа гэвэл?-Түүнээс гадна экспорт нэмэгдүүлнэ гэж яриад байгаа атлаа хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад маш их хүнд суртал байна. Тухайлбал, Өмнөговийн Шивээ хүрэн, Гашуун сухайт хэмээх боомтуудад очоод үзэхэд бүхий л зүйл түүхий байна. Тэгсэн хэрнээ тэндхийн үйлчилгээ дээд зэргийн хүнд сурталтай. Тэр боомтоор нүүрс гаргадаг. Гэтэл өглөө найман цагаас 17.00 цаг хүртэл л нүүрс ачсан машинуудыг гаргадаг. Тэр хооронд гарч амжвал аз. Үгүй бол маргааш хүртэл машиндаа хонож өнжин өдөр хоногийг дэмий алддаг. Одоо ч урин цаг, өвөл тэнд хүн хөлдөж үхэх энүүхэнд. Тэгээд машин тэрэг нь царцаж, эвдрэх гээд олон талын хохирол учирна. Тэгэхээр тэр боомтуудын ажилчдыг ээлжинд оруулж 24 цагаар ажиллуулж, машинуудыг саатуулж, хүлээлт үүсгэмээргүй байна. Зарим боомт нь машинаар ачаад очсон нүүрсийг боомтынхоо наана буулгуулчихаад, цаанаас нь өөр машин оруулаад ачуулж гаргах жишээтэй. Ингэхээр нүүрсийг олон дахин ачиж буулгаад байхаар нунтаг болж хагарна, бөөн гарлага. Энэ нь нүүрсний чанар, шаардлагад бөөн саад учруулдаг.
-Төмөр замын асуудал шийдэгдчихвэл, боомтуудын асуудал цэгцрэх байх. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?-Хойшоо гарах төмөр замаа барьсны дараа урагшаа гарах төмөр зам барина хэмээн дахиад л хүлээлт үүсгэх шийдвэр гаргасан. Энэ бол хэсэг хүмүүсийн, эдийн засгийн бүлэглэлүүдийн ашгийн сонирхол гэж бодож байгаа. Бүр нарийн хэлбэл, оросуудын эрх ашгийг хамгаалсан хэрэг. Энэ бол Оросоос түрүүлж, Хятад руу нүүрс гаргаж болохгүй гэсэн хаалт. Үнэн хэрэгтээ бол манайх нүүрсээ Оросоос илүү Хятадад л борлуулдаг. Хятадаар дамжуулан бусад оронд борлуулдаг шүү дээ. Нүүрсээ гаргадгаараа л гаргаж баймаар байна. Гэтэл хувийн компаниуд өөрсдөө мөнгөө гаргаад төмөр замаа өөрсдөө тавья гэж байхад нь улстөр дундуур нь холилдох шаардлагагүй л байхгүй юу. Урагшаа гарсан төмөр зам тавилаа гээд манай хамаг баялаг тийшээ урсчихгүй шүү дээ. Гэрээ хэлэлцэлтэй компаниуд өөрийнхөө хүчин чадлынхаа хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна шүү дээ. Улс орны эдийн засагт ч гэсэн хэрэгтэй. Уг нь аливаа улсын эдийн засаг экспорт нь импортоо давж байж эдийн засаг нь эрүүл хөгждөг биз дээ. Гэтэл манайд эсрэгээрээ байх юм. Үүнд төрийн зохицуулалт дутагдаад байна.
-Уул уурхайн салбарын хамгийн том нь Оюутолгой. Тэнд ажиллагсдын харьцаа, нийгмийн асуудлын талаар танд мэдээлэл хэр байна вэ?-Би Оюутолгойд өөрийн биеэр очиж үзсэн. Тэнд энэ сарын 15-ны байдлаар 4400 гаруй ажилчин байсан. Түүнээс 3000 нь монголчууд, үлдсэн 1400 гаруй нь л гадныхан байдаг. Үүнээс үзэхэд 30-аас доош хувьд гадаад ажилчин ажиллуулна гэсэн харьцаагаа биелүүлдэг гэсэн үг. Үнэхээр мэргэжлийнхээ тал дээр чадвартай бол монголчууд тэнд ажилд орох боломж нь нээлттэй байдаг. Тэнд танил талаараа орно гэсэн ойлголт огт байдаггүй. Хэн нэгэн дээр албан тушаалтнаар яриулаад ажилд орох гэж хөөцөлдсөн бол тэр хүнийг ажилд авахгүй. Учир нь ажилчдаа шалгаруулан авах журманд нь хатуу тусгасан байдаг юм билээ. Манайхан хэлний мэдлэгээрээ гологддог. Их, дээд сургуулиудын уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнуудад англи хэл түлхүү заах шаарлагатай юм билээ. Гэхдээ тэнд олон сайхан монгол инженерүүд ажилладаг. Техникийн гол гол хэсгүүд болон хэсгийн ахлагчид нь монгол инженерүүд байдаг, гадаадууд нь ерөнхий менежментийн болон бүр нарийн мэргэжил шаардсан ажил дээр байдаг юм байна лээ.
М.Уянга
Өдрийн шуудан