Энэ сарын таванд уурхайн гүнд дарагдан, одоог хүртэл гарч чадаагүй байгаа Чилийн уурхайчдад хоол хүнс, тэжээл, харилцах төхөөрөмж илгээх ажил үргэлжилсээр байна. Тэднийг аврах цорын ганц арга нь нурсан хоолойн эсрэг талаас нүх ухах арга болоод байгаа тул энэ ажиллагааг эхлүүлэхээр эрх баригчид яаравчилж байна. Тэд газрын гүнд 70 метрийн доор хоргодох байранд маш бага хэмжээний хоолтой амь зогоож байгаа бөгөөд тэднийг гаргахад гурваас дөрвөн сарын хугацаа шаардлагатай байгаа юм.
Нэгэнт ийм урт хугацаа шаардагдах нь тодорхой болсон тул уурхайчид хоргодох байраа арай илүү амьдрах боломжтой болгохын тулд зарим нэг зүйлсийг газрын гүн рүү оруулж өгөхийг хүссэн байна. Тиймээс албаныхан тэдэнд хөзөр болон бурхны хөрөг бүхий зураг сэлтийг дамжуулан өгсөн гэнэ. Мөн Есүсийн дүрс бүхий загалмай дамжуулсан бөгөөд уурхайчид хоргодох байраа нэг үгээр хэлэхэд “бунхан” болгоод байгаа аж.
Тэдний зарим нь гутранги байдалд орж, унтах, идэхээ болиод байгаа тул эрх баригчид тэдний сэтгэл санааны байдал эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж болзошгүй хэмээн сандарч, НАСА-гийн мэргэжилтнүүдээс тусламж хүсчээ.
Б.Саруул
Өдрийн шуудан
2010/08/27