Монгол Улсын Засгийн газар “Алтан Дорнод Монгол” компани хоорондын маргаан олон улсын Арбитрын шүүхэд очоод гурван жил болж байна. Удтал сунжирсан эл хэрэг удахгүй шийдэгдэнэ хэмээн албаны хүмүүс мэдэгдсэнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Одоогоос гурван жилийн өмнө тус компани Засгийн газрыг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг ялгаварлан гадуурхах хэлбэрээр хэрэгжүүлсэн хэмээн буруутгаж, Арбитрын шүүхэд зарга мэдүүлж тэрбум ам.доллар нэхэмжилсэн.
Харин Засгийн газар тус компаниас татварын өр болох 50 гаруй тэрбум төгрөг нэхэмжилж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийхийг шаардсан билээ.
Шүүх өнгөрсөн оны тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт хотноо хуралдсан ч эцсийн шийд гаргаж чадаагүй. Түүнээс хойш Арбитрын шүүх шийдвэр гаргаагүй буюу хүлээлтийн байдалтай өнөөдөртэй золгосон. Харин тун удахгүй шүүхийн шийдвэр гарах талаар холбогдох албаныхан өгүүллээ. Нэлээд өргөн хүрээнд олон асуудлыг хамарсан эл асуудал тун удахгүй шийдэгдэх бололтой.
Ж.Сүх
Үнэн
2010/08/27