“Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал асан С.В.Паушок болон Монгол Улсын Засгийн газрын хоорондох маргааныг олон улсын арбитрын шүүхэд жил гаруй хэлэлцэж байна.
Ерөнхий арбитрч Марк Лалондэ тэргүүтэй шүүгчид өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд С.В.Паушокийн нэхэмжлэлийг хэлэлцэж эхэлсэн билээ. С.В.Паушокийн хувьд “Монголын Засгийн газраас ноогдуулсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бизнес эрхлэх боломжгүй болсон” гэж гомдоллож байгаа.
Харин Монголын Засгийн газар орос эрээс гэнэтийн ашгийн татварт төлөх учиртай 56 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа. Цаашлаад байгаль орчин сүйтгэсний нөхөн төлбөр, ажиллах хүчний квот алдагдуулж Ашигт малтмалын тухай хууль зөрчсөний торгууль гэх мэт олон төрлийн төлбөр барагдуулах учиртайг нь Монголын Засгийн газар олон улсын шүүхийн индэрээс ноён С.В.Паушокт сануулсан.
Монголын баялгийг хамж одсон орос бизнесмэнд ялагдахгүйн тулд Монголын Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнөөс таван тэрбум төгрөгийг шүүх хуралд зарцуулаад байгаа. Мөн “Алтан дорнод Монгол” компанийнхнаар сүйтгүүлсэн байгаль орчин аврал эрж буй. Нөгөө талаар Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдсэн, төлөвлөж байгаа уул уурхайн компаниуд арбитрчдын шийдвэрийг анаж дараагийн нүүдлээ төлөвлөж буй.
Тиймээс олон улсын шүүхэд Монголын Засгийн газар ялах уу, ялагдах уу гэдгийг анхаар ч хүлээхээс аргагүй. Монголчууд С.В.Паушокт өрд орох уу, авлагаа авах уу гэх асуудлыг шийдэх яагаа ч үгүй. Учир нь арбитрчид Монголын Засгийн газар болон “Алтан дорнод Монгол” компанийн аль нь гэм буруутай вэ гэдгийг л тогтооно.
Хэрвээ арбитрчид “Монголын төр уул уурхайн компаниудад гэнэтийн ашгийн татвар тулгасан нь буруу” гэсэн хариу ирүүлбэл С.В.Паушокт ялагдаж, дараагийн шатанд их өрд унах магадлалтай болно. Эсрэгээр нь шийд гаргавал гэнэтийн ашгийн болон, байгаль орчны нөхөн сэргээлтийн мөнгийг нэхэмжлэх боломжтой.
Олон улсын шүүхэд Монгол Улстай заргалдаж байгаа орос эрд манай улсын хууль сахиулагчид эрүүгийн хэрэг үүсгэчихсэн, анаж байгаа. Тэрбээр 127 тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн хэргээр гурван жил гаруй шалгуулж байгаа билээ. Түүнд холбогдох хавтаст хэрэгт өнгөрсөн жилээс арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан гэх зүйл анги нэмэгдээд байгаа. Гэсэн ч С.В.Паушок хилийн чинадаас хуулийн байгууллагынханд “Хэргийг маань хэрэгсэхгүй болго” гэсэн утгатай захидал илгээж, Ерөнхийлөгчийг “Та намайг шалгах гээд байгаа хуулийнхныг анхаар” гэсэн утгатай албан бичгээр үе үе дарамталж ирсэн. Ингэж Ерөнхийлөгчийг дарамталж, Засгийн газраас нэг тэрбум ам.доллар нэхэмжлэхээ мэдэгдсэн С.В.Паушокийн нэхэмжлэлийг арбитирчид хэрхэн шийдвэрлэсэн хариугаа энэ cap, багтааж өгнө гэж байсан.
Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлээ тодрууллаа. -“Алтан дорнод Монгол” компани, Монголын Засгий газар хоорондын маргааныг хэрхэн шийдвэрлэсэн хариуга арбитирчид ирүүлсэн үү?-Энэ сард багтааж хариуаа өгнө гэж байсан. Гэхдээ одоогоо ямар нэг хариу ирээгүй байна.
-Монголын Засгийн газар ялагдах нь тодорхой болсон гэх юм. Танд ямар нэг таамаг байна уу?-Манай тал өөрсдийнхөө байр суурийг сайн хамгаалсан. Арбитрчдын шийдвэр ирээгүй байгаа, таамаглах боломжгүй.
-Монгол улсыг олон усын шүүхэд өмгөөлж байгаа өмгөөлөгчидтэйгээ холбоотой байага юу. Арбитрчдын шийдвэр ямар учраас хойшлоод байгаа юм бэ?-Холбоотой байгаа. “Алтан дорнод Монгол”-ын талаарх арбитрчдын хариу өнөө, маргаашгүй ирнэ.
Б.Цэцэгдэлгэр
Улс төрийн тойм