Монголын уул уурхайн Оюу толгой компани өөрийн боловсон хүчнээ бэлтгэх таван жилийн стратеги төлөвлөгөөний хүрээнд Өмнөговь аймгийн 70 залуусыг англи хэл, компьютерийн сургалтад хамрууллаа. Эдгээр залуус ирэх хичээлийн жилээс Эрдэнэт хотод баяжуулагч, уул уурхайн цахилгаан, хүнд машин механизмын операторчин гэсэн гурван мэргэжлээр суралцах юм байна.
Өмнөговь аймгаас сонгогдсон эдгээр 70 залуу компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ч ажиллах чадвартай болжээ. Түүнчлэн хэлний сургалтын хүрээнд залуус англи хэлээр үзэл бодлоо илэрхийлэх, ярианы болон бичгийн чадвартай болсон гэнэ.
Сургалтад хамрагдаж байгаа залуус идэвх санаачилгатай сурах чин хүсэлтэй байсан нь сургалт ихээхэн амжилттай явагдахын гол үндэс болж өглөө гэж англи хэлний багш нь ярьж байна. Энэ талаар “English Avenue” сургалтын төвийн багш Дэвид Винсент Соржен хэлэхдээ “Би Монгол хүүхдүүдтэй ажилласан туршлагаа ихээхэн гайхалтай байсныг хэлэх байна. Тэд үнэхээр хөдөлмөрч, сурах чин эрмэлзэлтэй хүмүүс. Оюу толгойд ажиллах тэдний ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж байна” хэмээсэн юм.
Монголын уул уурхайн Оюу толгой компани өөрийн боловсон хүчнээ бэлтгэх таван жилийн стратеги төлөвлөгөөний дагуу ийнхүү залууст мэргэжил эзэмшүүлэхээс гадна англи хэл компьютерийн мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлжээ.
Г.Ялгуун
Өдрийн сонин
2010/08/31