БОАЖ-ын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюутолгой” ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа.
“Оюутолгой” ХХК Ашигт малтмалын шинэ хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар дэс дараатай хийлгэсэн. Үнэлгээний тайлангууд дахь зөвлөмж, заалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг жил бүр төлөвлөн, БОАЖЯ-нд хянуулж үйл ажиллагаандаа мөрддөг юм.
Оюутолгой төслийн Байгаль орчныг хамгаалах 2010 оны төлөвлөгөөнд төслийн үйл ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал, усан орчны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, газрын гадаргуугийн болон гүний ус хамгаалах болон орчны хяналт шинжилгээний цогц хөтөлбөр тусгаж өгсөн. Тухайлбал, газрын доорхи болон гадаргын ус хянах 262 цэг, агаарын чанар тоосжилт хянах 7 цэг, дуу шуугианы хяналт хийх 17 цэг, ургамлан бүрхэвч ургамалжилтын судалгааны 31 цэгт тус бүр тогтмол хяналт шинжилгээ хийж байгаа юм. 2010 онд ан амьтдын судалгаа, хөрсний элэгдэл доройтлын хяналт, шинжилгээ хийж эхлүүлэхээр төлөвлөжээ.
Байгаль орчны талаархи үйл ажиллагаагаа ямагт сайжруулахын тулд “Оюутолгой” компани дараахь үүрэг хүлээж, хэрэгжилтийг хангах юм. Тухайпбал:
• Байгаль орчны удирдлагын ISO 14001 олон улсын цуврал стандартуудад нийцсэн байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, үйл ажиллагааг байнга хянаж сайжруулж байх нөхцөлөөр хангах;
• Бохирдлоос сэргийлэх, нөөц баялгийг үр ашигтай зарцуулах зорилгоор байгаль орчинд учрах нөлөөллийг тодорхойлж, үнэлж, бууруулж, зохицуулах арга хэмжээ авах;
• Байгаль орчны талаархи хууль тогтоомж болон бусад бүх шаардлагад нийцүүлэх;
• Хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, уурхай хаах зэрэг бүх үйл ажиллагааныхаа явцад байгаль орчинд тавих анхаарлаа орхигдуулахгүй байх;
• Байгаль орчны талаар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь туслах зорилгоор салбарын удирдлагуудад дэмжлэг үзүүлж, сургалт явуулах;
• Байгаль орчинд учруулсан нөлөөлөлд тогтмол үнэлэлт өгч, хяналт тавьж тайлагнах;
• Компанийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, нутгийн иргэдтэй байгаль орчны асуудлаар нээлттэй, шударга, ажил хэрэгч харилцаа хөгжүүлэх;
• Нутгийн ард иргэдийн уламжлагдаж ирcэн эрх, соёлын өвийг хүндэтгэж хамгаалах;
• Холбогдох тогтолцоог компанийн үйл ажиллагааны цар хүрээ, нөхцөл байдалд зохицож байгаа эсэхийг тогтмол хянах.
Эдгээрийг хэрэгжүүлэхээр компанийн Байгаль орчны хэлтэс нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаатай Л.Гансүх сайд танилцаад үйл ажиллагааг нь сайшаалаа.