Дэлхийн банкнаас гаргасан хөтөлбөрийн дагуу УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Чили, Канад, АНУ-ын уул уурхайн салбартай танилцаж, туршлага судлаад ирлээ. Ажлын хэсийн гишүүн. Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-Уул уурхай хөгжсөн орнуудад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэнд хэрхэн оруулж, үр ашгийг нь хүртдэг юм бол. Энэ талаар гишүүд ямар байр, суурьтай ирэв?-Бид эхлээд Чили улсад очсон. Өнөөдөр тус улс дэлхийн зэсийн зах зээлийн 33 хувийг дангаараа нийлүүлдэг. Дэлхийн зэсийн зах зээлийн 25 хувийг нийлүүлдэг улсын үйлдвэртэй нь танилцсан. Төрийн зүгээс хатуу гэрээтэй ажилладаг юм билээ. Тэнд аливаа уул уурхайн компани төрийнх байна уу, хувийнх байна уу гэдгээс хамааралгүй өгөөжийг нь ард түмэн хүртэж чадаж байгаа, эсэх нь чухалд тооцогддог.
Хувийн хэвшлийн 6-7 уурхай ажилладаг юм байна. Онцлог нь бүгдийнх нь үйл ажиллагаа нээлттэй. Хөрөнгийн бирж дээр ажилчдынх нь орлого, цалингийн сан гээд бүх мэдээлэл ил тод. Компаниудын үйл ажиллагаа ил тод байснаараа уул уурхайн орлого олон хүнд хүртээмжтэй байдаг нь анхаарал татсан. Гэтэл манайд уул уурхайн бүх компани хаалттай, хэн эзэмшдэг, хэдэн хүн ажилладаг нь ч нууц байна. Нөхцөл байдал ийм байхад уул уурхайг өргөн чиглэлээр явуулах нь баялгийн хараалыг сонгодог утгаар нь бий болгож буйг тэндээс ойлгож ирлээ.
-Ямар үед баялгийн хараал болдог гэж та үзэж байна? -Цөөн хүн уул уурхайгаас ашиг олж, нийт ард түмэнд хүртээл бага, баян хоосны ялгаа гарсан үед баялгийн хараал бий болдогийг бид Чилийн жишээнээс харсан.
-Хувийн компаниудтай танилцсан уу. Ямар жишгээр ажилладаг юм бол?-Канадын хэд хэдэн компаниар орсон. Нээлттэй үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийн биржээр хувьцаа нь зарагддаг юм билээ. Хувьцаа нь хэдэн зуугаараа зарагддаг юм байна. Тэр хэмжээгээр хэдэн зуун мянган хүн хувьцааны ногдол ашгийг хүртэж байдаг. Компанийн үйл ажиллагаа ил тод байж, өдөр болгон хянаж чаддаг. Вэб сайт дахь мэдээллийг хэн ч ороод харж болно.
Ажилчин нь ямар цалин авч байна, хэчнээн хэмжээний татвар төлдөг, үйл ажиллагаа нь тогтвортой байна уу, үгүй юу гээд бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой. Ийм байх нь чухал. Өнөөдөр уул уурхайгаас орж буй баялаг нийгэмд хүртээлтэй байж, маш олон хүнд ашгаа өгч байх ёстой. Ийм жишгийг Канадын жишээнээс харлаа. Томоохон төсөл, хөтөлбөрийг эргэлтэнд оруулахад банк, санхүүгийн байгууллагаасаа гадна хөрөнгийн хоёр дахь бирж чухал. Хувьцаа, хөрөнгө босгох сонгодог арга Канадад түгээмэл юм. Тэндээс бид туршлага авах ёстой. Тэгж чадаж байж уул уурхайг нээлттэй болгож, олон хүнд ашиг хүртээнэ.
Өнөөдөр манай томоохон экспортлогч компани, тухайлбал, нүүрсний компаниуд хэчнээн тонн нүүрс гаргаж байгаа нь тодорхойгүй, нөгөө талаар ямар үнээр борлуулж буй нь ил тод бус. Мөн тэдгээр үйддвэрүүд ямар ашиг олж байгаа нь эргэлзээтэй, тэр ашгийг нь хэн хүртэж байна гэхээр тоотой хэдэн хүн байдаг. Ийм байхад уул уурхайгаас Монголын ирээдүйг хүлээх боломжгүй. Бодлого тодорхойлогчдын хувьд бид үүнийг анхаарах ёстой.
-Уул уурхайг сонгодог утгаар хөгжүүлж, тэндээс ихээхэн хэмжээний орлого олж буй орноор дэлхий нийт АНУ-ыг онцолдог. Тэндээс ямар туршлага судлав?-Баялгийн баримт бичгийг хэрхэн шийдвэрлэх вэ. Хадгалах уу, зарцуулах уу, хадгалбал яаж хадгалах вэ, хаана, ямар хэлбэрээр байршуулах вэ гээд олон асуудал бий. Чили, Норвегийн төрийн сан тогтвортой байдлын жишээнээс бид нэлээд номын дуу сонслоо. Цаашид бодох ёстой асуудал олон байна. Баялгаа бүгдийг захиран зарцуулах ёстой юу, ашигт малтмалын үнэ өндөр байгаа үед ирээдүй хойчдоо зориулан тодорхой хэсгийг сан байгуулж үлдээх үү гэдгийг анхаарч ирлээ. Санаа авах юм их байлаа. Ирэх намрын чуулганаар шийдвэр гаргах асуудлуудад бодох, эргэж харах зүйл олон байна.
Ч.Олдох
Зууны мэдээ