Гэрэл зургийг: Тэмүүлэн Батхүрэл www.suuder.com
“Төмөр замд хөрөнгө оруулагчдын чуулга” уулзалт энэ сарын дундуур болно гэсэн товыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ Зам, тээвэр, барилга хот, байгуулалтын сайд Х.Баттулга дуулгасан юм. Гэхдээ энэ нь одоо бидний ашиглаж байгаа замд биш харин шинээр тавигдах төмөр замд хөрөнгө оруулах сонирхолтой эрхмүүдийг цуглуулах тухай хэлсэн хэрэг.
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дагуу Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд 1000 гаруй км төмөр зам тавихаар болсон. Энэ замыг тавихад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын нэлээд хэдэн компани байгаа аж. Иймээс тэднийг цуглуулж, дүрэм журмаа хэлэлцэх зайлшгүй шаардлага буйг сайд онцолсон.
Энэ зам баригдсанаар Монголын нутгаар өнгөрдөг төмөр могойн урт чамгүй нэмэгдэх бөгөөд энэ хэрээр уг замаар хилийн чанадыг зорих баялгийн хэмжээ ч гэрлийн хурдаар өсөх болно. Улаанбаатар төмөр зам өнгөрсөн сард л гэхэд 1.1 сая тонн ачаа тээвэрлэсний 30 орчим хувийг нүүрс, ашигт малтмалын түүхий эд эзэлсэн тооцоог удирдлагууд нь дуулгаж байсан.
Хэдийгээр өмнөх жилүүдийнхээс давсан амжилт хэмээн хөөрцгөөж буй ч үүнээс нэмэгдүүлэх боломж бий гэдэг. Тухайлбал, урд хил дээр буюу Замын Үүдийн боомт дээр л гэхэд вагон хүрэлцэхгүйгээс ачаа саатсан тухай гомдол байнга л гардаг. Хэрэв саатдаггүй бол ачаа эргэлтийн хувь хэмжээг үүнээс ч ихэсгэх бололцоотой тухай албаныхан төдийгүй бизнесийнхэн ч ярьдаг.
Хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гадаад дотооддоо байг гэхэд хот хөдөөг холбосон тээврийн урсгалыг өсгөх гэхээр өнөөх л хөрөнгө мөнгөний гачаалд боогдоод чаддаггүй хэмээж байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ хөрөнгө мөнгөнөөс илүүтэй хувь нийлүүлэгчдийн хүсэл зоригоос ихээхэн хамаардаг нь тодорхой. Хойд хөрштэйгөө эн тэнцүү хувааж эзэмшдэг энэ байгууллагыг 1949 оны зургадугаар сарын 6-нд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийн дагуу байгуулсан. Уг гэрээгээр энэ нийгэмлэгийн хувь нийлүүлсэн нийт хөрөнгө 800 сая төгрөг болсны 408 саяыг Зөвлөлтийн тал, үлдсэнийг нь Монголын тал оруулжээ.
Тэгэхдээ Зөвлөлт Засгийн газар Монголд тусгайлсан гэрээгээр 368 сая төгрөгийн зээл олгосон гэдэг. Зээлийн хүү нь жилд нэг хувь, эргэж төлөгдөх хугацаа нь 50 жил байхаар гэрээний нөхцөлд тун ч тодорхой тусгаж өгсөн байдаг. Төмөр зам байгуулахад Монголын талаас хувь нийлүүлэх хөрөнгө болгож ЗХУ-аас авсан энэхүү зээл нь их өр гэж бидний нэрлэдэг тэр мөнгөнд багтаж байсан бөгөөд үүнийг 2003 оны арван хоёрдугаар сарын 31-нд бүрэн тэглэсэн.
Тэгэхээр төмөр зам байгуулахдаа авсан гэх тэрхүү өр авлагын асуудалд ч цэг тавьсан гэсэн үг. Түүнээс гадна Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулсан 1949 оны гэрээний хугацаа 1999 онд дууссан гэж үзэж болно. Эн тэнцүү буюу 50:50 гэсэн харьцаагаар эзэмшдэг УБТЗ-ын өөрт ногдох хувийг Оросын тал өнгөрсөн жил “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийнхээ мэдэлд өгсөн. Ингэснээр одоо төмөр замтай холбоотой асуудлыг Оросын Засгийн газар гэхээсээ “Оросын төмөр замууд” нийгэмлэг хариуцах юм. Тэр ч утгаараа өмчийн эзэн болсон орос ноёд өнгөрсөн жил 1949 оны гэрээг шинэчлэх нэртэй ажлын хэсэг гарган энэ газрын өмчийг эс ширхэг бүрээр нягтлан шалгасан.
Гэхдээ шалгалтын дүнг нийтэд ил болгож, хамтарсан өмчийн бүрэн бүтэн байдлын талаар хэн нэг нь ам ангайлгүй өнгөрсөн. Хагас цэргийн зохион байгуулалттай вант улс дотооддоо бүгдийг шийддэг, элдэв асуудал илэрсэн ч тэр бүр хүмүүст мэдэгдэлгүй өнгөрдөг юм. Тэгээд ч дээрх шалгалтын гол зорилго нь гэрээг шинэчлэх сонирхолд бус орос эзэн В.Якунин өөрийнх нь эзэмшилд албан ёсоор ирсэн 50 хувьд ногдох өмч нь цаасан дээр бус бодит байдал дээрээ ямархуу төрхтэй байгааг нягтлахыг гол зорилгоо болгосон учраас нийтэд дэлгэх шаардлага ч байгаагүй гэхэд болно. Үүнээс гадна өнгөрсөн жил “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Бакунин, Монгол Улсын Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар “Зүүнбаян-Даланзадгад /Тавантолгой/ төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. УБТЗ хувьцаат нийгэмлэг, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг болон “Трансмашхолдинг” хувьцаат нийгэмлэгийн хооронд ч харилцан хамтын ажиллагааны протокол баталсан.
Үүний дагуу энэ онд багтааж, “Оросын төмөр зам”-ын зүгээс УБТЗ-д шинээр зүтгүүр авах, зүтгүүрийн засвар үйлчилгээний төв байгуулах, дугуйн хосын засварын цех, замын капитал засварын боловсон хүчнээр туслах зэрэг техникийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухай яригдаж, харин манай зүгээс дотоодын ачаа тээврийн үнэ тарифыг эдийн засгийн үндэслэлтэйгээр тодорхойлж, төмөр замын мэдлийн нийгмийн объектуудыг улсын байгууллагуудад шилжүүлэн өгч, өмч хөрөнгө, өр зээлийн асуудлуудыг олон улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэхээр тогтсон. Түүгээр ч барахгүй хоёр тал Монгол Улсын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 13-нд “Дэд бүтцийн хөгжил” нэртэй хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Уг компанийн нийт хувьцааны 50 хувийг “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг, 25 хувийг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани, үлдсэн 25 хувийг “Монголын төмөр зам” ХХК тус тус эзэмшиж байгаа.
Энэ бүгдээс тооцоход Х.Баттулга сайдын дуулгасан товын дагуу энэ сард чуулах төмөр замд хөрөнгө оруулагчидтай хамтран цэгцлэхээр шийдсэн дүрэм журам гэдэг хойд хөршийнхөнд л илүү хамаатай байх биз ээ. Үүнийг нь бусад улс орон ч хэдийнэ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тэд энэ удаа зүгээр сонсч, сонжих гэж л ирнэ хэмээн ил шулуухан батлах нэгэн ч байна.
Гэв гэнэтхэн хошуурч давхиад бүгд Монголын төмөр замыг хөгжүүлэхээр ханцуй шамлан давхилдаж эхэлсэн нь үнэндээ энэ салбараар дөрөөлөн Монголын баялагт хүрэх, хүрсэн хойноо бүрэн атгандаа оруулах ах нарын бодлого л яваад байгаа гэж хардахад буруудахгүй. Түүнээс оросуудад Улаанбаатар төмөр замаас жилд хуваарилдаг хэдхэн зуун мянган “ногоон”-ы ашиг сонирхол татах мөнгө биш. Харин Монголын газар доорхи баялагт хүрэх цорын ганц гарц нь төмөр зам дээр хяналтаа тогтоох гэдэгт л асуудлын гол гогцоо нь бий юм. Тиймдээ ч оросууд одоо хэр нь Улаанбаатар төмөр замыг үүрэг гүйцэтгэгч даргатай зүтгүүлээд буй бөгөөд монгол хүн тавьж болно хэмээн гэв гэнэт сайхан загнасан нь ч үүнтэй холбоотой.
Н.Саран
Өдрийн шуудан