Мэдээний дэлгэрэнгүй
Уран ашиглахаар агентлаг байгуулчихаад юу хийгээд байгааг нь ойлгохгүй юм
 УИХ-ын гишүүн А.Тлейхантай уул уурхайн асуудлаар ярилцлаа

-Тавантолгойг 100 хувь төр эзэмшилдээ авч, иргэд компаниудад хувьцаа олгох болсон гээд үндсэндээ төрөөс баримтлах бодлого тодорхой болчихсон. Зарим нь үүнийг хэтэрхий яаруу шийдвэр гэсэн бол олон хүн дэмжиж байгаа. Та энэ хоёр байр суурийн алийнх нь талд байгаа вэ. Ер нь Таван толгойн талаар гаргасан УИХ-ын тогтоолыг юу гэж дүгнэж байна?
-Тавантолгой яах аргагүй Монголыг дэлхийд таниулсан нэрийн хуудасны нэг. Тиймээс энэ том ордыг ашиглахдаа улсын ирээдүйн хөгжлийг бодолцон үндэстний эрх ашигт нийцүүлэх ёстой. Их хурлаас гаргасан шийдвэрийг би муу гэж бодохгүй байна. Дэлхийд уул уурхайн хөгжлөөрөө тэргүүлдэг Австрали, Канадын туршлагыг бид судалсан. Тавантолгойн ордыг 100 хувь төрд авснаар хэн нэг хүний эзэмшилд оччихож байгаа хэрэг биш. Ард түмний мэдэлд ирнэ гэсэн үг.

Дэлхийн уул уурхайн жишигт өмчөө өөрийнхөө мэдэлд байлгаад оператор буюу ашигладаг, олборлодог компаниудыг олон улсын тендерээр шалгаруулдаг уламжлалтай. Бид тэр жишгээр л явж байна. Өөрөөр хэлбэл, сая “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн компанийн охин компани “Эрдэнэс Тавантолгой” гэж байгуулаад үйл ажиллагаа эхлүүлэх шийдвэр гарсан. 10 хувийг нь хувьцаа хэлбэрээр иргэдэд үнэгүйгээр, тэгш олгоё, 10 хувийг нь компаниудад нэрлэсэн үнээр нь худалдъя, алсдаа 30 хувийг нь олон улсын биржээр арилжиж мөнгө босгоё гэж шийдсэн. Энэ шийдвэрийн дагуу Тавантолгойн ажил эхэлж, гүйцэтгэх компанийг сонгох тендер зарлаж байгаа гэж ойлгож байгаа. Энэ нь дэлхийн жишгээр явж байгаа ажил.

-Оюутолгойн төслийг алдаатай яаран шийдсэн. Тавантолгойг ч бас яарч дутуу дулимаг болгочих вий гэсэн болгоомжлол улс төрчид, жирийн иргэдийн дунд ч байна. Үүнийг ч бас орхиж боломгүй...?
-Монгол орон газрын доорх баялгаараа дэлхийд эхний тавд ордог. Энэ бидний үндэстний бахархал. Бид баялгаа зөв зүйтэй ашиглахгүй бол гадны идэш болох аюултай. Тиймээс олон нийтийн зүгээс шаардлага тавьж, зөв шийдвэр гарга гэж шүүмжилж байгаа. Тэр хүмүүст зөв мэдээлэл өгөх ёстой. Мэдээлэл дутмагаас буруу зөрүү ойлголт гарч байгааг үгүйсгэхгүй.

Оюутолгой, Тавантолгой хоёр өөр шүү дээ. Тавантолгойн шийдвэр Монголын Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд гарсан. Хуульд тухайн ордын нөөцийг хэний өмчөөр тогтоохыг голлож хардаг. Тухайлбал, төр хөрөнгөө гаргаад ордыг илрүүлсэн бол 100 хувь төрийн өмчид байна. Харин хувийн хөрөнгөөр илрүүлсэн бол 34 хүртэлх хувийг төр эзэмших хуультай. Ингэхээр хэн илрүүлсэн бэ гэдгээсээ шалтгаалж хөрөнгийн эх үүсвэр нь өөр байгааг ойлгох ёстой. Хуулийн дагуул Оюутолгойн 34 хувийг төр эзэмшиж байгаа.

-Монголын уул уурхай сэргэснээр гадаадын томоохон нөлөө бүхий компаниуд түншлэх сонирхлоо илэрхийлж байгаа. Саяхан Японы Гадаад хэргийн сайд манай улсад айлчлахдаа уул уурхайтай хамтрах саналтай байгаагаа дуулгасан. Таны бодлоор бид аль улстай түншлэх нь дээр вэ?
-Дэлхийн жишгийн дагуу манайх энэ том ордуудаа гадны оператор компанийг сонгон авч, хамтарч ажиллах болохоор Монгол руу хошуурах нь аргагүй юм. Тэд “Монголын уул уурхай моодонд орлоо, тийм учраас бид энэ хэсэг рүү хошуурах нь зөв” гэж үздэг.

Харин бид гүйгээд ирсэн болгонд баялгаа хуваагаад өгч болохгүй. Дэлхийн хэмжээнд олборлолт, үйлдвэрлэл явуулж байгаа компаниудын дунд олон улсын тендер зарлаж эрх олгох ёстой. Тэртэй тэргүй бид хаана, ямар компани байгааг мэдэж байгаа шүү дээ.

Улс төрийн хувьд хоёр хөрштэйгөө ойр харилцах боломж байгаа. Мөн гурав дахь хүчин хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл зах зээлийн хүнд нөхцөлд биднийг дэмжиж ирсэн спонсор орнууд бий. Миний бодлоор санал тавьсан орнуудын аль алинд нь боломж олгож, олон улсын тендер зарлаж, шаардлага бүрэн хангасан компанийг сонгох нь зүйтэй. Ялангуяа Засгийн газраасаа дэмжлэг авдаг компани байх нь зөв. Япон, Солонгос, Хятад, Орос, Америк, Энэтхэг гээд 10-аад орны компани хамтын ажиллагааны санал тавьсан. Тиймээс бид нэг улсын компанийг сонгох биш 2-3 улсын компанийн хамтарсан консорциум байгуулах нь илүү ашигтай. Гэхдээ тэр консорциумд Монголын компани заавал багтах ёстой.

-Монголчууд уул уурхайгаа гадныхантай хамтралгүй аваад явах боломжтой гэсэн бизнесийн бүлэглэл “Монгол 999 Үндэсний нэгдэл” байгуулсан. Үнэхээр Монголын үндэсний компаниудад бусдын гар харалгүй бие дааж ажиллах чадвар бий юү?
-Мэдээж юуны түрүүнд үндэсний компаниа дэмжиж, цаашид уул уурхайн чиглэлээр үндэсний компани байгуулах хэрэгтэй. Австрали яг энэ замаар явсан. Анх уул уурхай эхлүүлж байхдаа өөрийн гэсэн хөрөнгөгүй, үндэсний компанигүй байсан. 6-8 жил ярьж байж Японы хөрөнгө оруулалтыг татаж, оруулсан. Одоо Австрали айргийн тавд явж байна. Бид ч энэ жишгээр явна. Үндэсний компаниудыг дэмжих ёстой. Гэхдээ өнөөдөр манай үндэсний компаниудын техник технологи, санхүүгийн чадвар, боловсон хүчин ямар байгаа билээ. Үүнийг бодолцолгүй болохгүй. Тиймээс бид эхний ээлжинд олон улсын консорциум байгуулахаас аргагүй. Түүн дотор нь заавал Монголын компани багтсан байх ёстой. Хэдэн жилийн дараа Монголын тэр компани голлох үүрэгтэй байж, үндэснийхээ уул уурхайн салбарыг аваад явчих боломж бүрдэх юм. “Монгол 999”-д биеэ даагаад уул уурхайн олборлолт явуулах боломж нь ямар байгааг судлах ёстой. Болж өгвөл гадны топ компаниудтай консорциум байгуулаад цаашдаа салбартаа акул болох бодлого баримтлах нь хамгийн зөв гарц гэж бодож байна.

-Монгол Улс одоогоор 15 стратегийн ордтой. Стратегийн бус олон орд бий. Оюутолгой, Тавантолгойг залгуулан ашиглах болсонтой адил стратегийн бусад ордуудаа одоо үед ашиглалтад оруулах нь зөв үү?
-Нэгэнт бид үсрэнгүй хөгжилд хүрэх гэж байгаа бол эхний ээлжинд томоохон ордуудаа эргэлтэнд оруулах нь чухал. Өөрөөр хэлбэл, зарим ордыг цаг алдалгүй ашиглалтад оруулж эхлэх ёстой. Дэлхий сонирхож байгаа бүтээгдэхүүнийг үнэ хүрч байгаа үед нь ахиухан олборлож зарах ёстой. Тухайлбал, уран байна. Нөгөө талдаа бид байгаль орчноо бодолцох ёстой. Бид орд ашиглаж байна гэж байгаль сүйтгэж болохгүй. Австралид гэхэд нүүрсийг нь авчихаад, хөрс суулгаад буцаагаад тарьсан ой мод нь унаган байгалийнхаасаа илүү сайхан ургасан байсан. Түүн шиг бид алтыг нь авсан бол буцаагаад мод суулгах ёстой. Том ордуудыг ашиглахын хажуугаар нөхөн сэргээлт явуулах ч үүрэгтэй. Мөн түүхий эд биш эцсийн бүтээгдэхүүн гаргах нь бидний гол зорилт. Оюутолгойгоос гарч байгаа баяжмалыг зэс болгож, Тавантолгойгоос гарч байгааг нь кокс болгоно гэх мэт.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах саяхан манайд ирээд буцахдаа “Монголыг Мянганы хөгжлийн зорилтод гурван зүйл хангалтгүй байна. Ялангуяа 2015 он гэхэд Монгол Мянганы хөгжлийн зорилтод хүлээсэн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж чадахгүй” гэж дүгнэсэн. Нөхөн сэргээлтийн тухай бид яриад л байдаг. Гэхдээ хэтэрхий хангалтгүй байна. Үүнийг ямар аргаар, яаж бодитой ажил болгох ёстой юм бэ?
-Байгаль орчны асуудал дэлхийн шинжтэй болсон. Зөвхөн уул уурхайн биш унаган байгалийг эргэн нөхөн сэргээх асуудал чухал байна. Юуны өмнө ойжуулах ёстой. Сая би Хятад руу яваад ирлээ. Тэнд элстэй газар мод тарьж, хот байгуулж байна. Тэгэхээр бид уул уурхайн нөхөн сэргээлтээс гадна модгүй газар хэрхэн мод ургуулах вэ, усалгааг хэрхэн хийх вэ гэдэгт их анхаарах хэрэгтэй. Энэ нь байгаль орчныг цогцоор нь өөрчилнө гэсэн үг. Яагаад ингэж байгаль орчин доройтоод байгаа шалтгааныг тогтоох ёстой. Мөн уул уурхайн компаниуд ч ийм байдлаар олборлолт, нөхөн сэргээлт хийнэ гэдгийг нь тодорхой болгосны дараа зөвшөөрөл өгөх ёстой. Таван жилдээ ингэж олборлолт хийнэ, энэ хугацаанд ийм нөхөн сэргээлт хийнэ гэж тодорхой болгосноор нөхөн сэргээлт зөв голдрилдоо орно.

-Та Тавантолгойн дараа ураны ордыг ашиглах нь зүйтэй гэсэн саналыг түрүүн хэлж байсан. Монголын ураны нөөц ч дэлхийд эхний тавд бичигддэг тухай ярьж байна. Манай улс уран ашиглах, цөмийн эрчим хүч бий болгоход аль улсын туршлагыг загвар болгох вэ?
-Уран нь дэлхийд энх тайвны зорилгоор ашиглах ёстой эрчим хүчний маш хямд эх үүсвэр. Уран ашиглах үйл ажиллагаа Дорноговь аймагт эхэлчихсэн юм билээ. Тэгээд ч манайх ураныг эрчим хүчний зорилгоор ашиглах хуулиа гаргаж, бодлогоо тодорхойлчихсон. Энэ хүрээндээ мөн адил консорциум байдлаар энх тайвны зорилгоор ашиглах хэрэгтэй.

Социализмын үед манайд Дорнодын Мардайд ураныг далд байдлаар ашигладаг байсан туршлага бий. Мөн гадаад орнуудын туршлагаас ч судалж, жишгийг нь дагах ёстой. Энд цаг алдаж болохгүй. Манайх уран ашиглах асуудалд цаг алдаж байна гэж боддог. Аль эрт эхлэх ёстой байсан юм. Цөмийн энергийн газар гэдэг бүхэл бүтэн агентлаг байгууллаа. Гэхдээ чухам юу хийгээд байгааг нь ойлгохгүй байгаа. Ер нь их удаашралтай байна. Манайтай ураны тал дээр хамтарч ажиллах сонирхолтой улс орон олон. Жишээ нь Франц гэхэд олон жилийн туршлагатай. Мөн Япон байна. Энэ мэтээр дэлхийн өндөр төвшинд хүрсэн улсуудтай л хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. Би БНСУ-д Атомын цахилгаан станц дээр очиход аюултай биш харин ашигтай гэдгийг нь хүмүүст их энгийнээр харуулчихсан байдаг юм билээ. Атомын цахилгаан станцын хажууд амралтын ногоон цэцэрлэг байгуулчихсан, тэнд хүмүүс зугаалж, жуулчид сонирхож болдог. Энэ нь атомын эрчим хүчийг энх тайвны зорилгоор, аюулгүй ашиглах боломж байгааг харуулж байна. Бусад оронд болж байхад манайд ч болно. Хамгийн гол нь манайх мэргэжилтнүүдээ сайн бэлтгэж авах нь чухал.

Б.Нямсүрэн
Зууны мэдээ

2010/09/03
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа