- Бид Засгийн газартай тохиролцоо хийсэн зүйл алга –
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг Засгийн газраас эхлүүлээд байна. Энэ тухай “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ийн ажлын албаны дарга Б.Аюуштай ярилцлаа.
-“Монгол 999” компани сүүлийн үед нам жим байна. Энэ зуур Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компаниа байгуулчихлаа. Тэгэхээр та бүхэн Засгийн газартай ямар нэг тохиролцоонд хүрчээ дээ. Эсвэл өмнө яриад байсан бүх зүйлд чинь цэг тавигдчихав уу?-УИХ-ын хаврын чуулганаар баталсан “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоол нь Засгийн газраас УИХ-д оруулсан анхны хувилбараас зарчмын ялгаатай. Монголын ард түмэнд үнэхээр өгөөжтэй шийдвэр боллоо шүү дээ. Энэ нь Монголын эдийн засгийг авч яваа 2000 шахам компани дуу хоолойгоо нэгтгэсний үр дүн, УИХ-ын эрхэм гишүүд маань үнэхээр, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж чаддагийг харуулсан гэж бодож байна.
“Тавантолгойн орд газрыг хуваалгүй, бүхэлд нь монгол компанийн мэдэлд ашиглах эрхийг нь өгөх ёстой” гэсэн “Монгол 999”-ийн хамгийн гол зарчмын санал УИХ-ын шийдвэрт тусгагдлаа. Харин хувьцааны эзэмшлийн харьцаа ямар байх тухайд багахан ялгаатай хувилбар батлагдсан. Гэвч Монголын компаниуд давуу эрхээр нэрлэсэн үнээр хувьцааны 10 хувийг эзэмших, ард түмэнд хувьцааны 10-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гарсан. Тиймээс манай ТУЗ үндсэн зорилгодоо хүрч чадлаа гэж үзэж байгаа.
-Гэхдээ олон хүн “Эрдэнэс Тавантолгой”-г танай компани байгуулна гэж харж байсан шүү дээ?-Манай санал Засгийн газрын төслөөс зарчмын ямар ялгаатай болохыг, энэ саналын давуу тал нь юу болохыг олон нийтэд болон шийдвэр гаргах түвшинд таниулахын тулд байгуулагдсан өдрөөсөө буюу 5 дугаар сарын 7-ны өдрөөс УИХ-ын шийдвэр гарсан өдрийг хүртэл огт амралгүй шөнө дөл хүртэл ажилласан.
-Өөрөөр хэлбэл, та бүхэн ажиглаж, эсвэл амарч байгаа юм уу?-Нэг хэсэгтээ ТУЗ маань амарсан. Тэгээд ч УИХ-ын шийдвэрийн дагуу Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулах, оператор сонгон шалгаруулах тендерийн нөхцлөө зарлах үүрэг хүлээсэн. Засгийн газрын шийдвэрээс бидний цаашдын үйл ажиллагааны стратеги шалтгаалах учраас хүлээлтийн байдалтай байсан.
-“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явагдах гэж байна. Уг нь эхлээд ТУЗ-ийг нь сонгох ёстой?-Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулаад, олон улсад зөвшөөрөгдсөн сайн засаглалтай, дэлхийн түвшний компанийг удирдаж, уул уурхайн ил тод байдлын зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж чадах Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох шалгуураа олон нийтэд ил тод зарласны үндсэн дээр ТУЗ-ийг нь сонгоод дараа нь гүйцэтгэх захирлын асуудлыг ярих байх гэсэн хүлээлт бидэнд байсан. Гэтэл гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахаар зарласан байна.
Бидний хувьд Засгийн газартай өнөөгийн байдлаар ямар нэг тохиролцоо хийсэн зүйл байхгүй. Зарлаад байгаа сонгон шалгаруулалтад үндэсний компаниуд оролцох ямар боломж байгааг судална.
-“Монгол 999 нэгдэл”-д одоогийн байдлаар хэдэн компани ороод байна? Зарим нь гарах гэж байна гэсэн шуугиан тархах боллоо.-Өнөөдрийн байдлаар 1937 компани хувьцаа эзэмшигч болоод байна. Цөөн хэдэн компани хувьцаагаа худалдах хүсэлт тавьсан. Түүнийг компанийхаа дүрэм журмын дагуу шийдвэрлэж байна. 2000 шахам компани янз бүрийн л зорилгоор нэгдсэн учраас иймэрхүү асуудал гарах нь тийм ч гайхаад байхаар зүйл биш л дээ. Бид ойрын үед хувьцаа эзэмшигчидтэйгээ хэсэгчилсэн уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Хүрсэн үр дүнгээ тайлагнаж, стратегиа танилцуулах болно.
-Танай ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ улсад 80 тэрбумын өртэй гэж хэвлэлээр мэдээлэх боллоо. Энэ үнэн үү?-Д.Бат-Эрдэнэ захиралтай нэрийг нь холбоод байдаг “Тавантолгой” ХК болон “Тавантолгой транс” компаниуд татвар төлөлтөөр улсдаа эхний тавд жагсдаг. Захирал маань өөрөө хувь хүний орлогын татвар төлөлтөөр Монголдоо тэргүүлсэн. MCS, “Петровис”, “Шунхлай” гэх мэт аваргуудыг ардаа орхисон гэдэг нь татварын газраас гаргасан албан мэдээлэл шүү. Үүнээс дүгнэлт хийж болох байх аа.
Ж.Цогзолмаа
Зууны мэдээ